Жилд 12 мянган орон сууцны ипотекийн зээл гаргах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-02-14 15:29:31
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас хэрэгжүүлэх 10 их наяд төгрөгийн төлөвлөгөөний нэг хэсэг буюу  ипотекийн зээлийг энэ онд үргэлжлүүлнэ. Ингэснээр жилд 12 мянган орон сууцыг хөнгөлөлттэй зээлд хамруулах боломжтой гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр мэдээллээ. 


Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн төлөвлөгөөнд одоо хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэхээр тусгажээ. Ялангуяа, төв банкнаас банкуудаар дамжуулан олгох зээлийг нэмэгдүүлэхээр хэрэгжүүлсэн репо санхүүжилт болон ипотекийн зээлийн хэмжээг нэмж, хүртээмжийг тэлэх цогц бодлого үргэлжилнэ.  Тухайлбал, ипотекийн зээлийн хүү 8 хувь байсныг 6 хувь болгосонтой холбогдуулан иргэд ноднин 12 дугаар сард 95 тэрбум төгрөгийн 1200 гэрээ байгуулжээ. Өөрөөр хэлбэл, төсөл хэрэгжсэнээс хойших хамгийн их санхүүжилттэй сар байсан. Энэ хэмжээгээр цаашид уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэдгийг төв банкнаас мэдэгдэж байна. Манай улсад жилдээ 15 мянган шинэ орон сууц ашиглалтад орж байгаагаас 12 мянга нь хөнгөлөлттэй ипотекийн зээлд хамрагдах шаардлага хангасан жижиг талбайтай байдаг юм байна. Тэгэхээр үүнийг ипотекийн зээлийн санхүүжилтэд бүрэн хамруулах боломжтой. Гагцхүү шаардлагад нийцэхүйц зээлдэгч, нөгөө талаас нийлүүлэлт тогтвортой байх ёстой гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэлдээ онцлов. 


Хоёрдугаарт, төв банкнаас хэрэгжүүлж буй репо санхүүжилтийн хөтөлбөр цаашид үргэлжилж, жилд 2 их наяд төгрөгийн санхүүжилтийг банкуудад өгөх бүрэн боломжтой гэв.


Гуравдугаарт, аж ахуйн нэгжүүдээ дэмжих гурван хувь хүртэлх хүүтэй зээлийг ЖДҮС-гаар өмнө нь олгож байсан бол одоо мэргэжлийн байгууллага буюу банкуудаар дамжуулан зээлнэ. Хорио цээрийн дэглэм дуусмагц банкуудаар энэ зээлийг олгож эхлэхээр урьдчилсан дэд бүтцийн ажлаа хийгээд байгаа аж.

Холбоотой мэдээ