Хүнсний үйлдвэрүүд тодорхой тооны автомашиныг л замын хөдөлгөөнд оролцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2021-02-15 14:22:12

Улаанбаатар/МОНЦАМЭ/. ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хурлын үеэр, хүнс түгээх, хангамжийн зохион байгуулалтын талаар Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан мэдээлэл өглөө.  


Тэрбээр хэлэхдээ, “Сүүлийн гурван хоног хүнсний түгээлт, хангамжийн чиглэлээр, Улаанбаатар хотын захирагчийн алба нэлээд судалгаа хийсэн. Удахгүй хүнс түгээх ажил хуваарь, төлөвлөгөөний дагуу явагдана.


Бид өмнө нь хүнсний үйлдвэрүүдтэй нэг бүрчлэн цахим хурал хийж, тохирсон. Ингэхдээ, хүнсний үйлдвэр тээврийн хэрэгслийнхээ 15 хувиар замын хөдөлгөөнд оролцон, ирж ажиллах шаардлагатай ажилчдаа л татан авна гэсэн байгаа. Мөн зөвхөн гэр, ажил гэсэн замын хөдөлгөөний маршрутаар зорчино.  Өөрөөр хэлбэл, үйлдвэр өглөө ажилчдаа татаж аваад, орой харихад нь л хүргэж өгнө. Өдрийн цагаар машин тэрэг огт хөдөлгөхгүй. 


Харин хүнс түгээх ажлыг тасалдуулж болохгүй нь мэдээж. Гэхдээ цар тахлын энэ үед тодорхой хэмжээний түгээлтийн автомашиныг л хөдөлгөөнд оролцуулах шаардлагатай байна. Хаагуур, хэдэн автомашин зорчихыг Нийслэлийн захирагчийн ажлын алба нарийвчлан гаргаж, хуваарилсан байгаа. 


Тухайлбал, хүнсний зургаан нэрийн дэлгүүрүүд хүнсээ татан авах, түгээх  ажлыг тусгай цагийн хуваарьт оруулсан. Хэрвээ цагийн хуваарийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл шаардлагатай бол Нийслэлийн захирагчийн ажлын албатай яаралтай холбогдож, мэдээлэл аваарай” гэлээ.


Хөл хорио тогтоосон энэ үед төрийн яам, агентлаг, хүнсний үйлдвэр, харилцаа холбоо, интернэт сүлжээ, эмийн сангийнхан дотроо зөв зохион байгуулалтад орж ажиллах шаардлагатайг онцоллоо.


Мөн тэрбээр хэлэхдээ, "Бүх яам, агентлаг, төрийн байгууллагатай урьдчилан холбогдож, өнөөдрөөс эхлэн 5 хүртэлх хувиар төрийн байгууллагын албан хаагчдыг ажиллуулахаар болсон ч, өнөө өглөө иргэд болоод автомашины хөдөлгөөн нэмэгдлээ.


Иймд бүх төрийн яам, агентлаг дотоод зохион байгуулалтаа сайжруулах шаардлагатай байна.


Түүнчлэн, харилцаа холбоо, интернэт сүлжээний газрууд хоорондоо бүлэг болж, эвдрэл гэмтэл үүсвэл шуурхай шийдвэрлэх зохион байгуулалтад  орох хэрэгтэй. Мөн эмийн сан, эм түгээх ажил хариуцсан салбарынхан ч дотоод зохион байгуулалтаа сайжруулахыг хүсэж байна” гэв.

Холбоотой мэдээ