Хязгаарлалтын дэглэм зөрчсөн иргэдийн үнэмлэхийг хураажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-02-16 11:46:10

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Сар шинийн баярын өдрүүдэд аймгийн Засаг даргын захирамжаар таван өдөр хөл хорио тогтоон холбогдох байгууллагууд хяналт тавьж ажиллалаа.

Аймаг, сумын төв доторх тээврийн хэрэгсэл болон явганаар зорчих хөдөлгөөнийг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 18.00 цагаас эхлэн хязгаарлаж, 2 дугаар сарын 15-ны өдрийн 06.00 цагт хориог цуцалсан юм.

Энэ хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 21 зөрчлийг илрүүлсэн бол хөл хорионы дэглэм зөрчсөн 77 жолоочийн тээврийн хэрэгсэл, жолооны үнэмлэхийг түр хураан авсан байна. Хураасан үнэмлэхийг өнөөдөр ямар нэг төлбөр хураамжгүйгээр буцаан олгож байгаа аж.

“Иргэд шинийн гурвандаа багтаан аав ээж, ахмад настнууддаа золгохыг хүссэн, мөн Өвөрхангай аймаг “Ногоон бүс” учраас заавал хөл хорио тогтоох албагүй гэж үзсэнээс шалтгаалан дэглэм зөрчсөн. Мөн эмийн сан орох, ус авах нэрийдлээр золголтоор явахыг оролдсон. Эдгээр иргэдэд зөвлөгөө өгч, бүх нийтээр дагаж мөрдөх шийдвэрийг хүндэтгэн үзэхийг уриалж байна” хэмээн аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Бүрэнтөгс хэллээ. 

Холбоотой мэдээ