Кикбоксчид ДАШТ-ээс 40 гаруй медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-02-16 15:03:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Кикбоксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга О.Алтанпүрэвээс Монгол үе үеийн кикбоксчид Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хэрхэн оролцож, ямар амжилт үзүүлсэн талаар тодруулсан юм.


Хамгийн анх Монголын кикбоксчдын түүхэнд 1999 онд Германы Ханновер хотноо болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон бөгөөд ОУХМ О.Алтанпүрэв ганцаараа хүчээ сорьж шөвгийн 8-д шалгарчээ. Бусад тамирчдын хувьд визний асуудлаас болоод оролцож чадаагүй юм байна.


Харин 2001 онд Австрийн Вена хотноо болсон ДАШТ-д багийн ахлагч, дасгалжуулагчаар Ч.Төмөрбаатар, кикбоксчин О.Алтанпүрэв 51 кг-д хүрэл медаль авч, Н.Адъяа-Амар эхний даваанд Английн тамирчныг хожсон боловч холбооны татварын асуудлаар цаашид өрсөлдөх эрхийг нь хасжээ.


Улмаар 2003 онд Грек улсын Кос арал хотноо зохион байгуулсан ДАШТ-д дасгалжуулагчаар О.Алтанпүрэв, шигшээ багийн тамирчдаас 51 кг-д Ө.Энхбаяр, М.Отгонбаатар, Б.Ганбаатар нар мөнгө, Г.Бадрах ,Б.Баатар нар хүрэл медаль хүртэж байжээ.


Белгийн Антверпен хотноо 2004 онд болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дасгалжуулагч, тамирчин О.Алтанпүрэв, тамирчдаас Б.Болдбат, Д.Отгонбаяр, Б.Баатар нар алт, Ө.Энхбаяр мөнгөн медаль хүртсэн байна.


Киприйн Ларнака хотноо 2005 онд болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дасгалжуулагчаар О.Алтанпүрэвийн удирдлага дор тамирчин О.Батхүү, Б.Баянмөнх нар мөнгө, Б.Ганбаатар, Т.Содгэрэл нар хүрэл медаль хүртжээ.



АНУ-ын Ньюварк хотноо 2006 онд болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Ө.Саруул-Од, Ө.Энхбаяр, Д.Отгонбаяр нар алт Ц.Цогтгэрэл /эм/ мөнгөн медалийн эзэд болжээ.


Харин 2007-2009 онуудад санхүүгийн асуудлаас кикбоксчид ДАШТ-д оролцож чадаагүй юм байна.


Украин улсын Киев хотноо 2010 онд болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дасгалжуулагчаар  О.Алтанпүрэвийн удирдлага дор Ө.Төрбаяр 60 кг-д Дэлхийн аваргын алтан медаль хүртсэн бол 71 кг-д Б.Наадам мөнгө медаль хүртэж байжээ.


Улмаар Монголын кик боксчид Муай тайн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож эхэлсэн бөгөөд 2011 онд Тайландын Бангкок хотноо зохион байгуулсан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дасгалжуулагчаар О.Алтанпүрэв ажиллаж, баг тамирчдаас Б.Халиун /эмэгтэй/, Б.Мягмарсүрэн, Ч.Шижир-Эрдэнэ нар мөнгөн медаль хүртсэн бол Ц.Батболд, О.Лхасүрэн нар хүрэл медаль авсан байна. Харин Тайландын Банкок  хотноо 2013 онд  болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дасгалжуулагчаар О.Алтанпүрэв, Н.Нэргүй нар ажиллаж Б.Гантогтох 54 кг-д хүрэл медаль, эмэгтэйчүүдээс А.Зууннаст, Н.Дулмаа нар мөнгөн медаль хүртжээ.

 



Малайзын Лангкави хотноо 2014 онд зохион байгуулсан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дасгалжуулагчаар О.Алтанпүрэв, Н.Нэргүй нар ажиллаж Б.Гансэлэм, Б.Өлзийбаатар Н.Дулмаа нар алт, Б.Гантогтох /54 кг-д/, Э.Батбаяр нар хүрэл медаль , С.Мядагмаа /эмэгтэй/ мөнгөн медаль хүртжээ.

                                                                                                                                                                            /үргэлжлэл бий/








Холбоотой мэдээ