Б.Бямба-Эрдэнэ: 14000 гаруй сорьцод шинжилгээ хийсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-02-16 17:37:03

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Хулгана жилийн Дархан-Уул аймгийн “Онцлох хүн”-ээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторийн их эмч Баярсайханы Бямба-Эрдэнийг шалгаруулан урамшууллаа. 

Б.Бямба-Эрдэнийн тухайд 2020 онд эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болж хүн ардынхаа эрүүл энхийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж, коронавирусний шинжилгээг лабораторид гардан хийж ажилласан  байна.

Тодруулбал нэгдсэн эмнэлгийн вирус судлалын лабораторид коронавирус илрүүлэх шинжилгээг 14000 гаруй  сорьцод хийж, түргэн шуурхай, хариуцлагатай ажиллаж, "Коюид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах энэ цаг үед ажил мэргэжлийн тусгай чиг үүргийн хувьд бусдыгаа манлайлан ажилласан амжилтыг өндрөөр үнэлж Хулгана жилийн Оны онцлох хүн- Энх цагийн баатар”-аар шалгаруулсан ажээ.

Түүний хувьд эрүүл мэндийн салбарт 13 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд лабораторийн эмчээр 10 жил ажиллаж байна.

Б.Бямба-Эрдэнэ эмч хэлэхдээ: Эрүүл мэндийн салбар, тэр дундаа лабораторийн эмч нарын тухайд хүндхэн бас хариуцлагатай жил байсныг онцлон,  2020 оны 11 дүгээр сард коронавирусний анхны тохиолдол Дарханд бүртгэгдсэнээс хойш коронавирус илрүүлэх шинжилгээг гардан хийхэд, хэдий лабораторийн их эмч ч гэсэн сурч мэдэх зүйл их байсан. Энэ бүхэн дээр ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд зааж зөвлөн тусалж байсныг онцолж байлаа.

Түүнчлэн орон нутагт анх удаа Дархан-Уул аймагт PCR шинжилгээ хийж эхэлснээс хойш нарийвчилсан шинжилгээг  хийж эхэлсэн. Мөн PCR шинжилгээг Сэлэнгэ аймагт хийж эхлэх хүртэл тухайн аймгийн болон ОХУ-аас Алтанбулаг боомтоор нэвтрэн орж буй иргэдийн бүхий л шинжилгээг авч, илрүүлж ажиллажээ.

Б.Бямба-Эрдэнэ нь аймгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй чанартай үзүүлэн, идэвх санаачилгатай ажиллаж, үйлчлүүлэгчдийн итгэлийг хүлээн хамт олноо манлайлан ажилладаг, ур чадвар сайтай тэргүүний эмч гэж нэгдсэн эмнэлгийн хамт олон ч дуу нэгтэйгээр сайшааж байлаа.

Нэгдсэн эмнэлгийн лабораторийн их эмч Б.Бямба-Эрдэнэ эрүүл мэндийн салбарт 13 жил ажиллахдаа 2013 онд Эрүүл мэндийн яамны “Хүндэт өргөмжлөл”, 2014 онд Дархан сумын Жуух бичиг, 2014 онд МЗХ-ны “Тэргүүний залуу” 2020 онд Дархан-Уул аймгийн “Тэргүүний залуу” медалиар тус тус шагнуулж байжээ.

Холбоотой мэдээ