2030 он гэхэд ДОХ-ын халдварыг таслан зогсоох тунхаглал батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-06-09 16:02:42

НҮБ-ын Ерөнхий ассамблейн ДОХ-ын асуудлаарх өндөр түвшний уулзалт энэ сарын 08-10-нд Нью-Йорк хотноо үргэлжилж байна.

Нээлтэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн оролцож, ДОХ-ын тархалтыг зогсоох чиглэлээр өнгөрсөн 5 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн арга хэмжээ, ололт амжилт, цаашдын зорилтын талаар тайлан тавилаа. Тэрээр дэлхий нийт ХДХВ-ын халдвартай 15 сая хүнд ретровирүсийн эсрэг эмчилгээг хүртээмжтэй болгож, ХДХВ-ын халдвар шинээр авсан хүүхдийн тоог хоёр дахин бууруулж, ДОХ-ын шалтгаант нас баралтыг тууштай бууруулсан амжилтыг өндрөөр үнэлэхийн зэрэгцээ Зүүн Европ, Төв Ази, Ойрхи Дорнод, Хойд Африкийн улс орнуудад ХДХВ-ын шинэ халдварын тоо нэмэгдэж, халдвартай 22 сая хүн ретровирүсийн эмчилгээнд хамарч чадахгүй байгааг онцлов Улмаар ДОХ-ын эсрэг хариу хэмжээний санхүүжилтийг нэмэгдүүлэх, хүүхдүүдийн дунд ХДХВ-ын шинэ халдварыг таслан зогсоох, хүний эрхийг зөрчсөн хуулийн хязгаарлалтыг арилгах шаардлагатай байгааг цохон тэмдэглэлээ.

Уулзалтын эхний өдөр ХДХВ-ын халдвартай тэмцэх арга хэмжээг эрчимжүүлж, 2030 он гэхэд ДОХ-ын эпидемийг таслан зогсоох тухай улс төрийн тунхаглалыг батлав. Энэхүү тунхаглалд 2020 он гэхэд ХДХВ-ын шинэ халдвар, ДОХ-ын шалтгаант нас баралтын тоог жилд 500 мянгаас бага түвшинд барих, ХДХВ/ДОХ-той холбоотой ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, ХДХВ-ын халдвартай 30 сая хүнд ретровирусийн эсрэг эмчилгээг хүргэх, хүүхдүүдийн дунд ХДХВ-ын шинэ халдварын тоог 95 хувиар бууруулах зэрэг 23 зорилт дэвшүүлжээ.

Тогтвортой хөгжлийн зорилт ба ДОХ, тархалтыг таслан зогсоох арга хэмжээний санхүүжилтийн асуудлаар хоёр салбар хуралдаанд  Монгол Улсын төлөөлөгчид үг хэллээ. Монгол Улс нийт хүн амын дунд ХДХВ-ын халдварын тархалтыг бага түвшинд тогтоон барьж, эхээс хүүхдэд дамжих ХДХВ-ын халдвар болон цус, цусан бүтээгдэхүүнээр дамжих халдварын нэг ч тохиолдол гаргахгүй байх талаар таван жилийн өмнө авсан амлалтаа амжилттай хэрэгжүүлж байгаа боловч ХДХВ/ДОХ-той холбоотой тогтвортой хөгжлийн зорилтыг цаашид хэрэгжүүлэхэд салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, үүний тулд ДОХ-той тэмцэх үйл ажиллагааг зохицуулах Үндэсний зөвлөл, түүний ажлын албыг сэргээн байгуулах шаардлагатай байгааг хэлсэн байна.

Энэхүү уулзалтын үеэр 2011 онд баталсан ХДХВ/ДОХ-ын асуудлаарх улс төрийн тунхаглалын хэрэгжилтийг дүгнэж, цаашдын зорилтуудаа тодорхойлохоор дэлхийн улс орнуудын төрийн тэргүүнүүд, Засгийн газрын төлөөлөл, олон улсын болон төрийн бус байгууллагууд оролцож байгаа бол, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч С.Сүхболд, ЭМСЯ-ны  Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга С. Төгсдэлгэр, албаны дарга Б.Янжмаа, Байнгын төлөөлөгчийн газрын зөвлөх В. Өлзийбаяр, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн зохицуулагч А. Оюунбилэг нар оролцож байна гэж ЭМСЯ-наас мэдээллээ.

Холбоотой мэдээ