Жуулчны баазууд "Хямд амар" цахим үзэсгэлэнд нэгдэж, үйлчилгээний үнээ буурууллаа

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2021-02-22 12:40:48
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. БОАЖЯ-наас зочид буудал, амралтын газрын онлайн захиалга ihotel.mn сайттай хамтран зохион байгуулж буй "Хямд амар" аяны цахим үзэсгэлэнд Дундговь аймгийн жуулчны дөрвөн бааз нэгджээ.

Тодруулбал, тус аймгийн Өлзийт сумын нутагт орших “Говь Караван Серай” амралтын газар, Дэлгэрцогт сумын нутагт орших “Баянбулаг”, “Говийн хүрхрээ, Адаацаг сумын нутагт орших “Эрдэнэ-Ухаа” жуулчны баазууд тус аянд нэгдэн үйлчилгээний үнээ 20-50 хувь хямдруулсан байна.  

Коронавирусний цар тахлын улмаас олон улсын аялал жуулчлалын урсгал бүрэн зогсч, тус салбарын ажил үйлчилгээ эрхлэгчид, ажилтнууд орлогогүй болсон.

Тиймээс энэхүү цахим үзэсгэлэн үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх, дотоодын үйлчилгээний байгууллагуудаа дэмжих, үйл ажиллагаа явуулж буй амралтын газар, жуулчны бааз, зочид буудлуудад эдийн засгийн эргэлтийг бий болгох, аялахаар төлөвлөж буй иргэдэд хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх зорилготой ажээ.

Говь Караван Серай амралтын газар нь минималист, эко хэв шинж бүхий цогцолбор бөгөөд  ая тухтай, тохилог байдал, загвар дизайн, үйлчилгээний онцлогоороо үндэсний хэв шинжийг агуулсан өвөрмөц шийдэлтэй.

Энд ирсэн жуулчид, амрагчдад говь нутгийн хязгааргүй уудам тал, тэнгэрийн хаяаг харж, таашаал аван, амар амгаланг мэдрэн тухлах боломжийг бүрдүүлснээрээ онцлогтой. Тус амралтын газар үйлчилгээний үнээ 20 хувь бууруулж, 264000 төгрөг болгосон байна.

“Говийн хүрхрээ” жуулчны бааз нь Дэлгэрцогт сумын төвөөс баруун тийш 20км зайд байрлах Бага газрын чулуу гэх боржин чулуун тогтоц бүхий хадан хавцлаар хүрээлэгдсэн байгалийн үзэсгэлэнт газарт үйл ажиллагаагаа явуулдаг.

Энд ирж амрах, тухлах, аялах хүн бүрт говийн Хүрхрээг сонирхох, Дундговийн есөн гайхамшгийн нэг Бага газрын чулуу хэмээх байгалийн өвөрмөц тогтоц, энд байх түүх соёлын дурсгалт газрыг үзэж сонирхох боломжийг бүрдүүлдэг онцлогтой. Тус жуулчны бааз үйлчилгээнийхээ үнийг 44 хувиар бууруулж, 50400 төгрөг болгосон ажээ.

“Баянбулаг” жуулчны бааз Бага газрын чулууны зүүн хойн хэсэгт, Баянбулаг хэмээх газарт оршдог. Гэр буудлын тоо-21, нийт 60 хүнийг хүлээн авах боломжтой юм. Үйлчилгээний төлбөрийг 40 хувиар бууруулж, 54000 төгрөг болгожээ.

Аялагчид, амрагчид Бага газрын чулууны уулнаа чулуун уулын ам, хоолой, булаг шанд, эртний булш, хиргисүүр, хадны сүг зураг, хөшөө дурсгалууд, Сөдөтийн ам хэмээх улиасан шугуйтай хавцал, Жаргалантын агуй, Нүдний рашаан, Тахилгын хавцал, Гэр хад, Хүннүгийн үеийн булш зэргийг харж, сэтгэл баясах боломжтой юм.

“Эрдэнэ-Ухаа” жуулчны бааз Адаацаг сумын нутагт, Бага газрын чулууны уулын баруун талд байрладаг. Энд зочилсноор мөн Бага газрын чулуу, байгалийн дурсгалт газар Сүм хөх бүрд, мөн Дэлгэрийн чойрын хийд зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж, говь нутгийн нүүдэлчин зоны соёл иргэншил, ахуй амьдралтай танилцах боломжтой. Нэг ээлжиндээ 70-80 хүн хүлээн авах хүчин чадалтай. Үйлчилгээний төлбөрөө 50 хувиар бууруулж, 55000 төгрөг болгосон байна.

“Хямд амар” аялал жуулчлалын цахим үзэсгэлэн 2021 оны гуравдугаар сарын 21-ний өдрийг хүртэл үргэлжлэх ба аялах, амрах сонирхолтой иргэд энэ хугацаанд амжиж захиалгаа өгч, хямд үнээр үйлчлүүлэх боломжтой болно. 

Холбоотой мэдээ