Хугацаатай хадгаламж өмнөх жилийнхээс 52.2 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-02-23 14:56:34

Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг дахь банкуудын хадгаламжийн үлдэгдэл жил бүр өссөн бөгөөд 2020 онд хугацаатай хадгаламж өмнөх жилийнхээс 52.2 хувиар буюу 29.3 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна гэж Орхон аймаг дахь Монгол банкны хэлтсээс мэдээлжээ.

2020 оны жилийн эцсийн байдлаар банкуудад 29.3 мянган хадгаламжийн дансанд 85.2 тэрбум төгрөгийн хадгаламж байршиж байна. Үүнээс 73.4 хувь буюу 62.5 тэрбум төгрөг нь хугацаатай хадгаламж, 26.6 хувь буюу 22.6 тэрбум төгрөг хугацаагүй хадгаламжийн дансанд байна.

Булган аймаг дахь банкуудын 2020 оны жилийн эцсийн эдийн засгийн үзүүлэлтийг гаргахад, тус аймгийн банкууд 138.7 тэрбум төгрөгийн актив хөрөнгөтэй болж, өмнөх оны мөн үеэс 3.7 хувь буюу 5.0 тэрбум төгрөгөөр нэмэгдээд байгаа аж. Энэ өсөлтөд банкны салбар хоорондын тооцооны дансны авлага нөлөөлсөн байна гэж дүгнэжээ.

2020 оны жилийн эцсийн байдлаар Булган аймгийн банкуудад 23.1 мянган зээлийн дансанд 117.7 тэрбум төгрөгийн зээл байршиж байна. Нийт зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 7.8 хувиар буюу 9.9 тэрбум чанаргүй зээл 3.5 хувиар буюу 76.4 сая төгрөгөөр тус тус буурсан байна. 

Холбоотой мэдээ