"Өвсний үндэс" хөтөлбөрөөр 2 аймагт нийгмийн төсөл хэрэгжүүлж эхэллээ

Монголын мэдээ | Улс төр
192@montsame.mn
2021-02-24 12:19:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон улсаас манай улсад хэрэгжүүлж буй “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав нартай өчигдөр цахим уулзалт хийв. Цахим уулзалтын үеэр Төв аймгийн Зуунмод сумын цэцэрлэгийн засвар болон Ховд аймгийн Мѳнххайрхан сумын эмнэлгийн өргөтгөлийн төслийн гэрээнд тус тус гарын үсэг зурав.




Төв аймгийн Зуунмод суманд 351.9 сая орчим төгрөгөөр "Бүжинхэн цогцолбор" цэцэрлэгийн барилгыг сургуулийн өмнөх байгууллагын стандартад нийцүүлэн засварлах бол Ховд аймгийн Мѳнххайрхан суманд 703 сая орчим төгрөгөөр хоёр давхар 20 ѳрѳѳ бүхий эмнэлгийн ѳргѳтгѳлийг барьж эмнэлгийн үйлчилгээ, эрүүл ахуйн орчинг сайжруулах юм. Төв аймаг дахь төсөл хэрэгжсэнээр “Бүжинхэн цогцолбор” цэцэрлэгийн 355 хүүхэд, 38 багш, ажилчдыг эрүүл аюулгүй орчинд ажиллах, сурч, хүмүүжих таатай нөхцөлийг бүрдүүлэх юм. 


Ташрамд мэдээлэхэд, “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр” Монгол Улсад анх 1990 оноос хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл нийт 563 төсөл хэрэгжүүлээд байна. Япон улс 2020 оны санхүүгийн жил 2020 оны 4 дүгээр сарын 1-нээс 2021 оны 3 дугаар сарын 31 хүртэл нийт 816.5 мянган ам.доллар буюу 2.2 тэрбум төгрөгийн 5 төсөлд гарын үсэг зураад байна.

Хөтөлбөрийн хүрээнд хөгжиж буй орнуудын орон нутгийн засаг захиргаа болон боловсрол, эрүүл мэндийн байгууллагууд төслөө хариуцаж хэрэгжүүлэх бөгөөд Япон улсын Засгийн газрын санхүүжилтээр тус улсын ЭСЯ-тай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Ингэснээр төслийн үр ашгийг тухайн орон нутгийн ард иргэд шууд хүртэх давуу талтай.


Холбоотой мэдээ