"Рио Тинто"-гоос Замын-Үүдэд PCR шинжилгээний цогц лаборатори хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-02-24 14:18:52
@s_munkhbaatar

Дорноговь /МОНЦАМЭ/. "Рио Тинто" групп буцалтгүй тусламжаар байгуулсан PRC /ПГУ/ шинжилгээний цогц лаборатороо Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт  өнөөдөр хүлээлгэн өглөө.


Тус группийн 1.7 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар, НҮБ-ын Хүн амын сан, Оюу Толгой ХХК-тай хамтран  хэрэгжүүлж буй “Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд байгуулсан уг лаборатори олон улсын жишигт нийцсэн 19 төрлийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслээс бүрджээ. Монгол улсын худалдаа, эдийн засгийн гол зангилаа, хил орчмын бүс нутаг олон улсын жишигт нийцсэн PCR шинжилгээний цогц лабораторитой болсон нь ачаа, тээврийг аюулгүй, тасалдахгүй явуулахад чухал ач холбогдолтой юм.


“Монгол улсын худалдаа, эдийн засгийн гол зангилаа, өмнөд хилийн Замын-Үүд боомт болон хил орчмын бүсэд гадаад худалдаа тасралтгүй эргэх нь цар тахлын энэ үед туйлаас чухал байна. Тиймээс энд ажиллаж амьдардаг иргэд, тэр дундаа цар тахлын үед нийт ачаа тээврийг хэвийн үргэлжлүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байгаа 1000 гаруй жолоочийг нэн тэргүүнд шинжилгээнд тогтмол хамруулах нь зүй. Замын-Үүдийн нэгдсэн эмнэлэгийн оношилгоо, үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлэхэд "Рио Тинто" болон НҮБ-ын Хүн амын сангийн энэхүү төсөл нь цагаа олсон тусламж болж чадлаа” хэмээн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хэлсэн юм.


“Энэхүү лабораторийн тоног төхөөрөмж нь зөвхөн коронавирусний шинжилгээнд ашиглагдаад зогсохгүй, үүсгэгч нь тодорхойгүй бүх төрлийн вирусийг оношлох, энэ дундаа томуу, томуу төст өвчин, антибиотикт тэсвэртэй сүрьеэ, бэлгийн замын халдварт өвчин, элэгний В, С вирусийн оношилгоо гээд бүх төрлийн халдварт өвчнийг эрт илрүүлэн оношлоход чухал үүрэгтэй” гэдгийг Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Каори Ишикава онцлов.


Төслийн хүрээнд лабораторийн иж бүрэн тоног төхөөрөмж олгохоос гадна эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэсэн байна. Мөн Дорноговь аймгийн Сайншанд хотын нэгдсэн эмнэлэгээр дамжуулан хил орчмын таван сумдад зайнаас оношилгоо, эрүүл мэндийн анхан шатны тусламжаар үйлчлэх 20 багц гардуулжээ.


"Өмнө нь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд энэхүү цогц лабортарийн тоног төхөөрмжийг гардуулан өгсөн. Үүнээс гадна саяхан Улаанбаатар хотод болсон “Нэг хаалга, нэг шинжилгээ” аяны хүрээнд "Рио тинто" группийн оруулж ирсэн тоног төхөөрөмжийг Улсын нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт ашиглажээ. Хүнд хэцүү үед бид бага ч атугай тусламж дэмжлэг болсондоо туйлын баяртай байна” хэмээн "Рио Тинто" группийн Монгол дахь салбарын Харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн менежер Б.Даваасүрэн тэмдэглэв.


Мөн удахгүй, хоёрдугаар сарын 26-ны өдөр төслийн багийнхан Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд дөрөв дэх лабораторийн тоног төхөөрөмжөө хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна.



Ташрамд дурдахад, "Рио тинто" групп Монгол Улсын "COVID-19" цар тахалтай тэмцэх ажилд 602 мянган ам.доллар буюу 1.7 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж олгохоо ноднин 10 дугаар сард зарласан юм. Энэ хүрээнд, “Урьдчилж мэдье, хүрч үйлчилье” уриатай “Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийг Оюу толгой ХХК болон НҮБ -ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж байна. PCR/ПГУ шинжилгээний лабораторийн үйл ажиллагааг био аюулгүйн байдлын шаардлагын дагуу зохион байгуулахад ашигладаг 19 нэр төрлийн төхөөрөмж, дагалдах хэрэгслүүд бүхий цогц лабораторийг Улаанбаатар хотод Эх хүүхдийн, эрүүл мэндийн үндэсний төв, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэг, Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв гэсэн 4 газар байгуулж байна. Олон улсын шаардлагад нийцсэн эдгээр лабораторийг ашиглалтад оруулснаар Монгол улс нийт 38 PCR/ПГУшинжилгээний лабораторитой болж, өдөрт 42 мянган сорьц шинжлэх хүчин чадалтай болж байгааг Эрүүл Мэндийн Яамнаас мэдээлсэн. Төслийн хүрээнд Монгол Улсын PCR/ПГУ лабораторийн оношилгооны чадавхыг нэмэгдүүлж буйгаас гадна төслийн хоёр дахь шат буюу анхан шатны эрүүл мэндийн төвүүдэд телемедицин буюу зайн тусламж үйлчилгээг нэвтрүүлж байгаа юм. Бид баг, хороодын анхан шатны эрүүл мэндийн ажилчдыг зайн харилцаа холбооны технологиор дамжуулан иргэдэд хүрч үйлчлэхэд шаардлагатай нийт 86 таблет, 14 зөөврийн компьютер болон бусад шаардлагатай эмнэлгийн хэрэгслүүдээр хангаж байна. Эдгээрээс Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нийт 14 өрхийн эмнэлэгт зайнаас тусламж үзүүлэхэд шаардлагатай таблет болон эрүүл мэндийн үзлэгийн багц хэрэгслүүдийг хүлээлгэн өгөөд байна.


Холбоотой мэдээ