БИЗНЕС ЭРХЛЭГЧИД НЭГДЭЖ БАНКТАЙ БОЛОХ БОЛОМЖТОЙ

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2021-02-25 09:29:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын намрын чуулганаар хэд хэдэн чухал хууль батлагдсаны нэг нь Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт. Уг хуулийн 30 жилийн дараах өөрчлөлт банк, санхүүгийн салбарт томоохон шинэчлэл, эрүүл, тэгш тогтолцоог авчирна, олон шинэ боломжийг нээнэ гэсэн хүлээлт нийгэмд үүсээд буй.


Монголын банкны системд өөрчлөлт хийхээс аргагүй нөхцөл үүссэн. Банкнууд нэг хүний, нэг гэр бүлийн эзэмшилд байдаг нь энэ салбарын томоохон гажуудлын эх үүсвэр болсон гэж мэргэжлийнхэн хэлдэг. Банкны гадаад ба дотоод хяналт ганц эзнээс хамааралтай учир үйл ажиллагаа нь ил тод биш, үүнээсээ болоод засаглал нь улам суларч буй. Зээлийн хүүгээ хүссэнээрээ тогтоодог, зөвхөн эзний эрх ашигт үйлчилдэг, хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр аж ахуйн нэгжүүдтэй зэрэгцэн бизнес хийж, бизнесүүдийг булаадаг, бизнесийн өрсөлдөөнийг боомилж, шударга бус үйлдлийг өөгшүүлдэг гэх мэтийн шүүмжлэлд банкнууд өртдөг.


Түүнээс гадна банкнуудын чанаргүй зээл нь нийт багцынхаа арваас дээш хувийг эзэлж, эрсдэлийг нь хаах ёстой сан, өөрийн хөрөнгө нь хүрэлцэхгүй болсон гэх мэтийн яаралтай засаж залруулахаас аргагүй нөхцөл байдал үүссэн талаар 2017 онд ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах үеэс хүчтэй яригдаж эхэлсэн. Үндсэндээ Монголын банк, санхүүгийн системд шинэчлэл зайлшгүй хэрэгтэй болсон учраас Банкны хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад байна.

Энэ салбарт хийх нэн тэргүүний хийгээд хамгийн том өөрчлөлт нь банкнууд ганц эзэндээ үйлчилдэг байдлыг халж, олон хувьцаа эзэмшигчтэй, мэргэжлийн, хараат бус менежменттэй болох гэж олон жил ярьсан. Харин одоо эрх зүйн орчин нь золоор бүрдлээ.


Хуулийн өөрчлөлтөөр олны таашаалд нийцсэн басхүү чухал агуулга багтаасан нэг заалт бий. Аав, ээж, үр хүүхэд, хамаатан садан гээд нэг ашиг сонирхолтой этгээдүүд бүгдээрээ нийлээд дээд тал нь 20 хувь эзэмших заалт орсон нь хамгийн том давуу тал нь юм. Өөрөөр хэлбэл, аливаа этгээд банкны хувьцааны 20-иос дээш хувийг эзэмшихийг хориглоно. Банкны системд нөлөө бүхий банк нь нээлттэй хувьцаат компани хэлбэртэй, бусад банк хувьцаат компанийн хэлбэртэй байна. Арилжааны банкнууд нээлттэй хувьцаат компани болж, иргэд, аж ахуйн нэгжүүд банкны хувьцаа эзэмшигч болсноор банкны эзэд дураараа дургидаг явдал эцэс болж, тэдэнд хариуцлага тооцох, хяналт тавих боломж нээгдлээ. Хамгийн чухал нь хэн ч банкны хувьцаа эзэмшигч болох боломжтой. Банкнууд хувьцаат компани хэлбэрээр ажиллахаар болсон нь олон хүнд энэ салбарын ашгаас хүртэх, өөрсдийн бизнест ээлтэй банкны бүтээгдэхүүнүүдийг бий болгох боломжийг нээж буйг шинэ зүйлд соргог ханддаг хүмүүс аль хэдийн анзаарсан биз ээ.


Тэдэнд боломж олгохоо зарласан сийрэг толгойнууд ч амбийцаа илэрхийлээд эхэлсэн. Монголын нөлөө бүхий бизнесменүүд банкны хувьцаа эзэмшигч болоход тань гүүр болоход бэлэн гэдгээ зарлаж, ажил хэрэг болгож эхлээд байна. Үүний нэг нь өөрсдийн хувьцаа эзэмшдэг банктай болохоор нийслэлийн бизнес эрхлэгчид Улаанбаатар хотын худалдааны танхим дээр нэгдэж эхлээд байгаа явдал юм. Юутай сайн. Улаанбаатар хотод улсын нийт хүн амын 45.9 хувь, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын 67.2 хувь суурьшиж байна гэсэн тоо бий. Тэр хэрээрээ улсын нийт хөрөнгө оруулалт, хадгаламж, зээл, мөнгө санхүүгийн урсгалын ихэнх нь нийслэлд төвлөрдөг. Тэгэхээр нийслэлийн бизнес эрхлэгчид нэгдэж, нийслэлийн бизнесийг дэмжих банк байгуулах боломж болон орон зай хангалттай бий. Эрүүл, бодит хөрсөн дээр буусан шийдэл, шийдвэр мөнөөс мөн тул нийслэлийн бизнес эрхлэгчид түүчээлэн, хүч хавсрах нь дамжиггүй юм.


Банканд мөнгөө сул хадгалуулж, бага хүү авснаас банкны хувьцаа худалдан авч, ногдол ашиг хүртэх нь эдийн засгийн хувьд өгөөжтэй. Нөгөөтэйгүүр, санхүүгийн зах зээл дээрх банкнуудын монополийг задалж, энэ салбарт цэвэр, ёс зүйтэй, бизнес эрхлэгчид рүү чиглэсэн, тэднийг дэмжсэн өрсөлдөөн бий болгох зайлшгүй шаардлагыг ухаарсан Улаанбаатар хотын худалдааны танхим, тэдний удирдлагууд ийнхүү санал санаачилга гарган хэрэгжүүлж эхлээд байна.


Бизнес эрхлэгчид нэгдэж, олон хувьцаа эзэмшигчтэй банк байгуулснаар бие биедээ хяналт тавьж, хэн нэг нь дураар авирлах явдлыг хазаарлана, банкны систем зөв гольдрилдоо орно. Банк бусад аж ахуйн нэгж, иргэнтэй булаацалдаж бизнес хийхгүй, банкны үүргээ л гүйцэтгэснээр засаглал нь тунгалагшиж, хүү нь буурна. Зээлийн хүүг бууруулах, хувьцааны ногдол ашиг хүртэх байдлаар банкны ашгийг тэгш хүртээнэ. Зээлийн хүү бага, олдоцтой байх нь манай улсын эдийн засгийг хөгжүүлэхэд хамгийн их дутагдаж буй нөхцөл. Хамгийн гол нь бизнес эрхлэгчид өөрсдийг нь ойлгож, дэмжих чин зорилготой банкаар үйлчлүүлэх боломж нээгдэнэ. Өнөөгийн нөхцөлд бизнес эрхлэгчдэд хамгийн их дутагдаж, хүсэн хүлээж буй зүйл энэ биш гэж үү.


Банкны тухай хуульд олон давуу талыг тусгаж өгснийг эдийн засагчид онцолж байна. Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хуульд зааснаар нийт системийн таваас дээш хувийг эзэлж байгаа бол системийн нөлөө бүхий банк гэж тодорхойлсон. Харин энэ зохицуулалтаар зөвхөн зах зээлд эзлэх хувиар бус банкны хөрөнгө, төлбөрийн систем дэх гүйлгээний нийт дүнд эзлэх хувь, банкны үндсэн үйл ажиллагаа, санхүүгийн тогтолцоо дахь хамаарал, мөн харилцагчдын тоо бусад хүчин зүйлсийг авч үзэхээр тусгажээ.


Цаашид банкнууд хувьцаат компани болж, хөрөнгийн зах зээл дээр үнэт цаас гаргах тохиолдолд ил тод байдал, өөрийн хөрөнгийн хүрэлцээ, ашигт ажиллагааны тодорхой шалгуур тавих, зохистой засаглалын зарчмын шаардлага нь өргөн хүрээнд тавигдах болж байна. Түүнчлэн хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг бууруулахыг хуульчлан заасан. Хуулийн энэхүү шаардлагыг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүх банк хангах үүрэгтэйг ч мөн тусгажээ.


Банкны тухай хуульд өөрчлөлт оруулсан нь маш том боломж нээсэн. Үүнийг зөв ашиглаж, иргэдэд, бизнес эрхлэгчдэд үр өгөөжийг нь хүргэхэд манай бизнес эрхлэгчид манлайлж оролцох нь хамгаас чухал байна. Цар тахлаас үүдэлтэй хөл хорио компани, аж ахуйн нэгжид хэмжээлшгүй их хохирол учрууллаа. Банкны хууль эрх зүйн орчин бүрдчихлээ. Хувьцаат компани болж банк байгуулах том боломжийг алдалгүй зогсолтгүй зоригтой урагшлахыг хүсэхгүй хэн байх билээ. Түүчээлцгээе, түгээцгээ бизнес эрхлэгчид ээ.

Холбоотой мэдээ