Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх багц гардуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. “Рио Тинто” группийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд анхан шатны тусламж үйлчилгээний багцыг Өмнөговь аймгийн Ханбогд сумын таван багт хүлээлгэн өглөө.
“Рио Тинто” группийн 1.7 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд олон улсын жишигт нийцүүлэн 19 төрлийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслүүдээс бүрдсэн PCR/ПГУ шинжилгээний дөрвөн цогц лаборатори байгуулж буй юм.
2020 оны 10 дугаар сард тус групп 602,000 ам.доллар буюу 1.7 тэрбум төгрөгтэй тэнцэх буцалтгүй тусламжийг Монгол Улсад “COVID-19”-ийн эсрэг хариу арга хэмжээнд зарцуулахаар болсноо зарласан юм. Энэ хүрээнд “Урьдчилж мэдье, хүрч үйлчилье” уриатай “Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийг “Оюу толгой” ХХК болон НҮБ-ын Хүн амын сангийн хамт хэрэгжүүлж, PCR/ПГУ шинжилгээний лабораторийн үйл ажиллагааг био аюулгүйн байдлын шаардлагын дагуу зохион байгуулахад ашигладаг 19 нэр төрлийн төхөөрөмж, дагалдах хэрэгслүүд бүхий цогц лабораторийг Улаанбаатар хотод ЭХЭМҮТ, Улсын Хоёрдугаар төв эмнэлэг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэг, Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв гэсэн 4 газар байгуулж байна.
Олон улсын шаардлагад нийцсэн эдгээр лабораторийг ашиглалтад оруулснаар Монгол Улс нийт 38 PCR/ПГУ шинжилгээний лабораторитой болж, өдөрт 42 мянган сорьц шинжлэх хүчин чадалтай болж байгааг ЭМЯ-наас мэдээлсэн. Төслийн хүрээнд Монгол Улсын PCR/ПГУ лабораторийн оношилгооны чадавхыг нэмэгдүүлж буйгаас гадна төслийн хоёр дахь шат буюу анхан шатны эрүүл мэндийн төвүүдэд телемедицин буюу зайн тусламж үйлчилгээг нэвтрүүлж байгаа юм.
Энэ хүрээнд баг, хороодын анхан шатны эрүүл мэндийн ажилчдыг зайн харилцаа холбооны технологиор дамжуулан иргэдэд хүрч үйлчлэхэд шаардлагатай нийт 86 таблет, 14 зөөврийн компьютер болон бусад шаардлагатай эмнэлгийн хэрэгслүүдээр хангаж байна. Эдгээрээс Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нийт 14 өрхийн эмнэлэгт зайнаас тусламж үзүүлэхэд шаардлагатай таблет болон эрүүл мэндийн үзлэгийн багц хэрэгслүүдийг хүлээлгэн өгөөд байна.