“Хуралдай” клуб гурав дахь уулзалтаа хийв

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-02-26 18:05:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үе үеийн Их Хурлын дарга нараас бүрдсэн “Хуралдай” клуб өнөөдөр ээлжит уулзалтаа хийв. Уулзалтад УИХ-ын даргаар ажиллаж байсан Р.Гончигдорж, С.Төмөр-Очир, Н.Энхбаяр, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, М.Энхболд нар оролцов. 


Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар намрын ээлжит чуулганаар баталсан онцлох хууль тогтоолууд, тэр дундаа Шүүхийн багц хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг онцлон танилцуулав. Мөн Парламентын цахим шилжилтийн талаар товч мэдээлэл өглөө. Түүнчлэн Парламентын 30 жилийн ойд зориулсан, үе үеийн УИХ-ын дарга нар оролцсон эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах ажил цар тахлын улмаас хойшилсон тул цахимаар зохион байгуулах боломжийн талаар санал солилцлоо.


Үүний дараа УИХ-ын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ж.Элбэгзаяа “Хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх, хууль сурталчлах Lawmaker, Lawforum  цахим системийг танилцууллаа. Энэ систем нь хууль санаачлагч, төсөл боловсруулагчид зориулсан lawmaker.parliament.mn, иргэд хуулийн төсөлд саналаа өгөхөд зориулсан lawforum.parliament.mn гэсэн үндсэн 2 хэсэгтэй юм. Монгол Улсад УИХ-ын 76 гишүүн болон Ерөнхийлөгч, Засгийн газар хууль санаачлах эрхтэй билээ. Нэгдсэн программ ашигласнаар хуулийн хийдэл, зөрчил, давхардал арилах, иргэдтэйгээ хамтран хууль боловсруулах, хэлэлцэх, батлах сонгодог зарчим хэрэгжих ач холбогдолтойг УИХ-ын дарга нар онцолж байлаа.


“Хуралдай” клубийн гишүүд уг системийн хөгжүүлэлттэй холбоотой асуулт асууж, хариулт авсан. Мөн дэлхийн жишгийн дагуу хууль тогтоох байгууллага цахим шилжилт хийхэд манлайлан ажиллаж байгааг сайшааж, уг ажлыг дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Холбоотой мэдээ