Говьсүмбэр аймгийн чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүдийн нүүрс ачилтыг зогсоолоо

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-03-01 11:32:41
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгойн нүүрсний уурхайгаас Говьсүмбэр аймгийн чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүдийн нүүрс ачилтыг зогсоохоор боллоо.
Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 4-р сарын 22-ны өдрийн А/82 тоот тушаалаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Тавантолгойн нүүрсний уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх улсын чанартай авто замын дагуу хүнд даацын автомашинаар тээвэрлэлт гүйцэтгэхийг холбогдох стандарт, техникийн баримт бичгийн дагуу хатуу хучилттай авто зам барих хүртэл хориглосон.
Уг чиглэлд өдөрт 200 гаруй, нийт 1450 хүнд даацын автомашинаар нүүрс ачиж Засгийн газрын 2018 оны 379 дүгээр тогтоолоор батлагдсан “Тусгай зориулалтын авто зам, замын байгууламж барих, ашиглах журам”-ын 2.3, 4.4 дэх заалтуудыг зөрчин тээвэрлэлт хийж байсан. Шороон замаар тээвэрлэлт хийснээр их хэмжээний тоосжилт үүсэн, байгальд сөрөг нөлөөлөл бий болж, Цогтцэций сумын нутагт амьдарч буй малчид, иргэд, хөдөлмөрчдөд асуудал бэрхшээлүүд тулгарч байгааг ард иргэдийн санал гомдол, бодит нөхцөл байдалд үндэслэн аймгийн Засаг даргаас холбогдох албаныханд үүрэг чиглэл өгсөн юм. Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газраас ажлын баг томилж, газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцан, Тавантолгойн нүүрсний уурхайгаас Говьсүмбэр аймгийн чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүдийн нүүрс ачилтыг зогсоохоор болсон байна.
Холбоотой мэдээ