Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн баг орон нутагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-03-02 12:20:01

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Азийн Хөгжлийн Банкны зээлийн санхүүжилтээр Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас хэрэгжүүлж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл” 2019 оны 10 дугаар сараас Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар, орчны бүсийн сумд болон Мөрөн хотод хэрэгжиж байна. 

Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн зөвлөх үйлчилгээний ажил эхлүүлэх уулзалт Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын Соёмбо танхимд 2 дугаар сарын 26-нд боллоо. Энэ үеэр төслийн нэгж болон хамтран хэрэгжүүлэгч зөвлөх багуудын зүгээс төслийн хүрээнд хийх аялал жуулчлалын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлуудын талаар нэгдсэн танилцуулга хийж, орон нутгийн холбогдох төрийн байгууллагууд болон аялал жуулчлал эрхлэгчид, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл мэдээлэл хүргэлээ.

Төслийн хүрээнд Мөрөн хотод аялал жуулчлалын гудамж байгуулах, Тусгай хамгаалалттай газрын захиргаа, мэдээллийн төв барих,  Тусгай хамгаалалттай газрын нутагт нэвтрэх хяналтын цэгүүд байгуулах, 37.9 км хатуу хучилттай зам шинэчлэх, автомашины зогсоол байгуулах, Эко ариун цэврийн байгууламж шинээр нэмж байгуулах, Цэвэрлэх байгууламж шинэчлэх, шинээр барих, Ханх, Хатгал дахь хог хаягдлын цэгийг шинэчлэх юм. Мөн Тусгай хамгаалалттай газрын менежментийг сайжруулж, ажилтнуудын чадавхыг дээшлүүлэх, Алаг-Эрдэнэ, Рэнчинлхүмбэ, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Ханх сум, Хатгал тосгоны иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх зэрэг ажлыг хийх ажээ.

 

 

 

Холбоотой мэдээ