Энэ онд Дархан хотын 13 байршилд дахин төлөвлөлт хийнэ

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2021-03-02 15:57:22

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ийг /ДСЦТС/ түшиглэн Дархан-Уул аймгийн дэд бүтэц, инженерийн байгууллагууд болох "Дархан-Ус суваг" ХК, Дарханы дулааны сүлжээ ТӨХК, Дарханы дулааны цахилгаан станц ТӨХК-уудын удирдах ажилтны зөвлөгөөнийг 2 дугаар сарын 26-нд халдвар хамгааллын дэглэмийг сахиулан зохион байгууллаа.

Тус зөвлөгөөнд авто зам засвар болон ус, дулаан, цахилгаан, мэдээлэл холбоо, нийтийн аж ахуй үйлчилгээний газар зэрэг 15 байгууллагын удирдлагууд оролцож, Дархан хотын дахин төлөвлөлтийн талаар мэдээлэл сонсож санал солилцлоо.

Уулзалтын эхэнд “Дархан дахин төлөвлөлт” ААТҮГ-аас мэдээлэл хийсэн. 2021 онд Дархан хотын 13 байршилд дахин төлөвлөлт хийх бөгөөд сонгосон газарт шинээр хөрөнгө оруулалт хийхийг хориглодог болохыг чиглэлийн байгууллагууд мэдэх хэрэгтэйг хэллээ. Цаашлаад Дархан хотод байршилтай 60 жилийн настай тухай үеийн түр сууцнууд буюу брак байруудыг дахин төлөвлөлтөд оруулж, оронд нь шинэ барилгууд барихаар төлөвлөсөн гэлээ. Дахин төлөвлөлтийн ажилд Дархан хотын дэд бүтэц, инженерийн байгууллагуудын оролцоо хамгийн чухал гэдгийг онцоллоо.

Мөн үеэр Хот байгуулалт, дэд бүтцийн бодлогын асуудал хариуцсан хотын Захирагчийн орлогч Б.Батболд E-Mongolia системтэй төстэй платформыг аймгийн хэмжээнд хийхээр төлөвлөж байгааг хэллээ. Ингэхдээ дэд бүтэц инженерийн байгууллагуудыг ч хамтран оролцож хэрэглэгчийн онлайн системүүдээ холбох ажилд хамтран дундын апп бүтээхийг уриалсан юм. Удирдах ажилтны зөвлөгөөнөөр байгууллага бүрт тулгамдаж байгаа асуудлуудыг сонсож ярилцлаа.

Дараагийн зөвлөгөөнийг ГХБХБГ-ийг түшиглэн зохион байгуулж, хамгаалалтын зурвасын дэглэм сахиулах болон бүтээн байгуулалтын ажлуудыг гүйцэтгэх явцын аюулгүй байдлыг хангах чиглэлээр голлон хэлэлцэхээр тохирлоо.

 

Холбоотой мэдээ