А.Ариунзаяа: Эрүүл амьдралыг дэмжиж байгаагаас бус төлбөр төлөх талаар яриагүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-03-03 10:04:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бялдаржуулах төвд залуучууд хичээллэх төлбөрийг улсын төсвөөс гаргахгүй гэдгийг албаныхан хэллээ. 


Засгийн газраас танилцуулсан "COVID-19" цар тахлын дараа эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөөнд залуучуудын эрүүл мэндийг дэмжиж бялдаржуулах талаар тусгасан. Үүнтэй холбоотойгоор 500 тэрбум төгрөгийг залуучуудыг бялдаржуулах төвд хичээллэх 2 сарын төлбөрт зарцуулна гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тараад байгаа юм. ХНХ-ийн А.Ариунзаяа үүнийг эрс үгүйсгэж тодруулга тайлбарыг өгөв.


Тэрээр, "Фитнесийн төлбөрийг сошиалаар яриад буй 500 тэрбумаас гаргах буюу төрөөс даах гэж байна гэсэн албан ёсны мэдээллийг төр, засгаас огт хийгээгүй, яриагүй зүйл. Төр, засгаас фитнесийн төлбөрийг өнгөрсөн жил Эрүүл мэндийн даатгалын сангаас хэсэг олгож явсан. Гэвч энэ ажил төдийлөн оновчтой бус, хэрэгжилт сайн биш байна гэсэн агуулгаар өнгөрсөн жил зогсоосон" гэдгийг хэллээ. 


"Залуучууд фитнесээр хичээллэх нь өөрсдийн эрүүл мэндэд оруулж буй хөрөнгө оруулалт,  эрүүл хэв маягийг бий болгож буй асуудал учраас үүнийг төр, засгаас даах нь зохистой биш. Иргэд, залуус эрүүл мэнддээ анхаарах нь чухал. Бид эрүүл амьдралыг уриалах нь зүйтэй. Гэхдээ үүнийг төрөөс, төсвөөс даах нь зохисгүй гэж үзсэн" гэдгийг тодотгов. 


Харин залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор "Ажилсаг Монгол" хөтөлбөрийн хүрээнд залуучуудыг 1 сая төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулах гэж буйг ХНХ-ийн сайд А.Ариунзаяа тодотголоо.

Сургалтад эхний ээлжинд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ авдаг хөдөлмөрийн насны 500 хүртэлх тооны залуусыг хамруулах аж. Ингэснээр ХНХЯ-наас дэвшүүлж буй "Халамжаас хөдөлмөрт эрхлэлтэд шилжих" бодлого ажил хэрэг болно гэдгийг тэрээр онцлоод "Эдийн засаг, нийгмийн амьдралыг хэвийн байдалд оруулахын тулд 10 их наядын хөтөлбөр буюу төлөвлөгөөг Ерөнхий сайд танилцуулсныг та бүхэн мэдэж байгаа. Энэ дотор залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр байгаа. Энэ нь манай яамны "Халамжаас хөдөлмөр эрхлэлтэд шилжих" бодлоготой сайн уялдаж байгаа. Энэ талын богино хугацааны сургалт явуулахаар бэлтгэл ажлыг манай яам хангаад байна" гэв. 


Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой "Ажилсаг Монгол" хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөр эрхлээгүй байгаа залуучуудыг хамруулах зорилгоор 1 сая төгрөгийн тэтгэлэгтэй, хөдөлмөрт бэлтгэх 1 сарын сургалтыг явуулах гэж байна.


Түүний хэлснээр сургалтад хүнсний талон авч буй өрхийн залуусыг хамруулах бөгөөд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ авч буй 43 мянган өрх 235 мянган иргэн байгаа. Энэ дотор ажил хөдөлмөр эрхлээгүй байгаа залуучуудыг хамруулах зорилгоор 1 сая төгрөгийн тэтгэлэгтэй, хөдөлмөрт бэлтгэх 1 сарын сургалтыг явуулъя гэсэн агуулгаар хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэдгийг хэлэв. Зорилго нь залууст мэргэжил олгох гэхээсээ илүү хандлагыг өөрчлөхөд оршиж байгааг тэмдэглэлээ. Хувь хүний хөгжлийг дэмжиж хөдөлмөрийн зах зээлд ороход бэлдэх аж. 

Тодруулж хэлбэл, сургалтаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд, олгодог зээл, ажлын байр зэрэг олон мэдлэг мэдээллийг залуучуудад олгох юм байна. Ингэснээр Засгийн газраас танилцуулсан эдийн засгийг сэргээх 10 их наядын төлөвлөгөөний нэг хэсэгт багтаж буй "Ажилсаг Монгол" хөтөлбөр бодитой хэрэгжиж залуусын хандлагыг өөрчилж, улс орны хөгжлийн бодлого, хөдөлмөрлөх боломжийн талаарх ойлголт мэдлэгийг өргөжүүлэх ач холбогдолтой.  

Гэрэл зургийг Б.Чадраабал



Холбоотой мэдээ