Ч.Анхбаяр: Жилд дөрвөн удаа цусаа хандивлахад ямар ч аюулгүй

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-03-03 16:11:58

Ховд /МОНЦАМЭ/. Сар бүрийн 3-нд “Цусаа бэлэглэх өдөр” тохиодог. Энэхүү өдрийг тохиолдуулан Ховд аймгийн хүндэт донор Ч.Анхбаяртай ярилцлаа.


-Та хэзээнээс цусаа хандивлаж эхэлсэн бэ?

-Намайг Чулуудайн Анхбаяр гэдэг. 1977 онд Ховд аймгийн Үенч суманд төрсөн. Бага, дунд сургуулиа төгсөж, улмаар туслах сувилагчийн сургуульд суралцсан. Ам бүл долоо. Одоо аймгийн төв буюу Жаргалант суманд нөхөр, хүүхдүүдийн хамт амьдарч байна.

Би 2006 оноос эхлэн Ховд аймгийн Улаан загалмайн нийгэмлэгт гишүүнээр элсэж, сайн үйлсийн үйл ажиллагаанд тогтмол оролцож байсан. 2010 онд Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд ажиллаж эхэлснээр, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд цус хандивлах үйл ажиллагаанд  идэвхтэй оролцож буй. Одоо 11 дэх жилдээ цусаа бэлэглэж байна.

-Цусаа бэлэглэснээр хүний биед ямар нэгэн өөрчлөлт гарах уу?

-Зарим иргэн цусаа өгөхөд ядарч сульдан, биеийн эсэргүүцэл мууддаг гэж ойлгодог. Мөн ямар нэгэн халдвар, эрсдэл учирч болзошгүй гэж боддог. Тийм зүйл огт байхгүй. Цус авахад хэрэглэж байгаа бүх багаж, тоног төхөөрөмж ариутгагдсан, зөвхөн нэг удаа хэрэглэгддэг. Би цусаа сар бүр хандивлаж байна. Миний биед ямар нэгэн муу зүйл илрээгүй. Харин ч илүү эрч хүчтэй, түргэн шаламгай болдог.  Цус төлжиж, нүүрэнд гарсан батга, элдэв идээт зүйл арилдаг юм.

-Таны бодлоор цусаа бэлэглэсний ач тус юу вэ?

-Миний бэлэглэсэн цус хэн нэгний амийг аварч байгаа нь их буян гэж боддог. Цус, цусан бүтээгдэхүүний байнгын, хангалттай нөөц бүрдүүлэх хамгийн гол хүчин зүйл нь сайн дурын авлагагүй “цусны донор”-ын эгнээг өргөжүүлэх явдал юм.

Тус үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллах хүсэлтэй байгууллага, хамт олон, иргэдийн тоо жил бүр нэмэгдэж байгаад би маш их баярлаж, бахархдаг. Нөгөөтэйгүүр бие эрүүл байна гэдгийг мэдэрч, цусаа бэлэглэсэн үедээ эмчийн хяналтад байдаг нь давуу тал гэж боддог.  

-Донорууд хэдэн литр цус бэлэглэснээр “Хүндэт донор” болох вэ?

-Цус бол юугаар ч орлуулшгүй үнэтэй зүйл бөгөөд мөнгө хөрөнгөөр үнэлж болохгүй. Энэхүү үнэт зүйлийг яаралтай хэрэг болсон хэн нэгэнд амьдрал бэлэглэх зорилгоор цусаа хандивлаж байгаа хүн бүр “цусны донор” юм.  Өөрөөр хэлбэл, 18-50 насны, 45 кг-аас дээш жинтэй, ямар нэгэн архаг хууч өвчингүй, аль ч бүлгийн цустай, эрүүл бол донор байж болно.

Насанд хүрсэн хүн дунджаар 5-7 литр цустай байдаг. Эрүүл хүн нэг удаад 250-400 мл цус хандивлаж болох ба жилд дөрвөн удаа цусаа өгөхөд ямар ч аюулгүй байдаг. Хүний цус амархан төлждөг учраас 36-70 цагийн дотор нөхөгдсөн байдаг юм. Тэгэхээр 18-аас дээш насныхан 14-20 литр цус өгч байж “Хүндэт донор” болдог.   

-Таны гэр бүлийн гишүүдээс “Хүндэт донор” бий юу?

-Манай гэр бүлийнхэн дунд “Хүндэт донор” байхгүй ч бүгдээрээ “Цусаа бэлэглэх өдөр”-ийн үйл ажиллагаанд тогтмол оролцдог. Хүүхдүүдийн хувьд хэн нэгний шахалт шаардлагаар цусаа өгдөггүй, бүгд цусаа бэлэглэхийн ач холбогдлын талаар ойлголт мэдээлэлтэй. Ер нь эрэгтэй хүн хоёр, эмэгтэй нь гурван сарын дараа цусаа дахин бэлэглэж болно.

-Тэгвэл цус хандивлахын өмнө юунд анхаарах вэ?

-Хувийн ариун цэврээ сайн сахиж, сайтар унтаж амрах ёстой. Мөн эм, тариа, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх хэрэгтэй. Цусаа өгөхийн өмнө шингэн зүйлийг их хэмжээгээр ууж, аль болох хөнгөн чанарын хоол хүнс хэрэглэхийг зөвлөж байна.

-Цус хандивлахад хэр хугацаа зарцуулдаг вэ?

-Цус өгөхөд 10-15 минут орчим хугацаа зарцуулах боловч бүртгүүлэхээс эхлээд цусаа өгсний дараа түр хугацаанд амрах гээд  ойролцоогоор 30-40 орчим минут болдог. 

Монгол Улсын хэмжээнд цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ өмнөх жилүүдээс найман хувиар өссөн боловч коронавирусний халдварын тархалттай холбогдуулан “явуулын цус сэлбэлт” буурсан мэдээ бий. Иймээс иргэд хүмүүнлэгийн үйлсэд нэгдэн цусаа хандивлаж, бусдад амьдрал бэлэглээрэй гэж уриалж байна.

Иргэд нэг удаа цусаа бэлэглэхэд гурван хүний амийг авардаг гэж эмч нар тодорхойлдог. Иймээс заавал энэ тэмдэглэлт өдрийг хүлээхгүйгээр хэдийд ч ирсэн Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн дэргэдэх Цусны салбар төвийн хамт олон шаардлага хангаж байгаа хүнээс цус авч, нөөц бүрдүүлдэг. 

-Ярилцсанд баярлалаа. 

 

 

               

 

 

 

 

Холбоотой мэдээ