Шүүхийн шинэчлэлээс шүүгчийн шинэчлэл хүртэл

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2021-03-05 08:27:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Шүүхийн тухай” хууль (шинэчилсэн найруулга) энэ сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн. УИХ хуулийг 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр баталсан юм.  Харин Засгийн газраас 2020 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн байдаг. Энэ өнцгөөс харвал уг хуулийг хоёр парламент дамжуулан хэлэлцэж баталсан байна. Нөгөө талаас нь авч үзвэл парламент Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлтийг 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр хэлэлцэн баталсан. УИХ-аас 2020 оны “Монгол Улсын Үндсэн Хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” 02 дугаар тогтоолыг баталсан байдаг. Уг тогтоолд тусгасан чухал хуулиудын нэг нь "Шүүхийн тухай" хуулийн төсөл байсан. Ийм хэрэгцээ шаардлагын үүднээс баталсан “Шүүхийн тухай “ хууль (шинэчилсэн найруулга) –ийн үйлчлэл эхлээд байна. Хуульд олон шинэ зүйл байгаа. Харин тэдгээрээс тухайлан Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хороо, түүний сонгон шалгаруулалт, зохион байгуулалтын талаарх заалтуудыг  эхний ээлжинд  авч үзэх нь зөв болов уу? Ийм заалтууд хуучин хуульд байсан. Гэхдээ шинэ хуульд улам боловсронгуй, илүү зохион байгуулалт, хариуцлагын тогтолцоог тодорхой болгосон гэж хууль тогтоогчид тайлбарлажээ.


Шинэ хуульд Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ) 10 гишүүнтэй, түүний 5 нь шүүгч байна. Шүүгч гишүүн “Шүүгчээр 10-аас доошгүй жил ажилласан байна. Сахилгын шиитгэл хүлээгээгүй байх” гэсэн тодорхой шалгуур тавьжээ. Түүнээс гадна хяналтын шат (УДШ)-ны шүүхээс 1 давах болон анхан шатны шүүхээс тус бүр хоёр шүүгч байхаар хуульчилжээ.  Ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүдийг Нийт шүүгчийн чуулганаас санал хурааж шийдвэрлэх юм байна. “Бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн хуралдаан” нь “Нийт шүүгчийн чуулган” байна гэж тодорхойлжээ (20 зүйл). Нийт шүүгчийн чуулган  2 жилд 1 удаа чуулна. Гэхдээ нийт шүүгчийн чуулган болон санал хураалт цахимаар явах боломжтой байхаар зохицуулжээ. Нийт шүүгчийн чуулган Ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг хэлэлцэн санал хураан шийдвэрлэнэ. Гэхдээ нэр дэвшигчдийг  авсан саналыг нь эрэмбэлэн Ерөнхий зөвлөлд хүргүүлэх аж. Тэгвэл шүүгч бус 5 гишүүнд “Хууль зүйн өндөр мэргэшилтэй, эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй, сүүлийн 5 жил шүүгч, улс төрийн албан тушаал болон намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй,  эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх” (76.3) гэсэн шалгуур тавьжээ.


Ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүдийг УИХ-ын Байнгын хорооноос байгуулсан ажлын хэсэг сонгон шалгаруулж УИХ-д танилцуулна.  “Ажлын хэсэг нь УИХ дахь олонхи, цөөнх, Ерөнхийлөгч, Засгийн газар ХЭҮК, Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо, хууль зүйн сургалт судалгааны байгууллага, хууль зүйн их, дээд  сургуулийн санал болгосон төлөөллөөс бүрдсэн 11 гишүүнтэй байна. Уг ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар томилсон УИХ-ын гишүүн ахлана (77.2). Ажлын хэсэг гишүүдийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг саналын дарааллаар эрэмбэлэн сул орон тооны тоогоор  Байнгын хороонд тайлангийн хамт ажлын 3 хоногийн дотор хүргүүлнэ (77.4.5). Байнгын хороо УИХ-ын чуулганд дүгнэлтийн хамт оруулна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хэлэлцээд  Ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилохоос татгалзсан тохиолдолд дараагийн хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг дахин оруулахаар хуульчилжээ. Эндээс харвал Ажлын хэсгийн гишүүдийн олонхийн дэмжлэг авсан нэр дэвшигчийг УИХ томилохгүй байх боломжтой. Ерөнхий зөвлөлийн гишүүд нэг удаа 4 жилийн хугацаатай томилогдоно. Зөвлөлийн даргыг гишүүд хуралдаж дотроосоо 1 жилийн хугацаатай нэг удаа сонгох зохицуулалттай юм байна. Хуучин хуулиар Ерөнхий зөвлөлийн гишүүд, даргыг нь  Ерөнхийлөгч томилдог байжээ.  Шинэ хуулиар Ерөнхий зөвлөл өөрөө өөрийгөө зохион байгуулж байхаар өөрчилжээ.


Шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар “Шүүхийн тухай” хууль (шинэчилсэн найруулга)  мөрдөгдөж эхэлснээс хойш 120 хоногийн дотор нийт шүүгчийн чуулган зохион байгуулахаар заалт оржээ. Энэхүү чуулганыг УДШ-ийн зөвлөлгөөнөөс сонгосон 2, нийслэлийн эрүү, иргэний болон захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн зөвлөлгөөн тус бүрээс сонгосон 1 дүүргийн анхан шатны шүүхийн шүүхээс хамгийн олон жил ажилласан 2  шүүгч, Ерөнхий зөвлөл дотроосоо сонгосон 2 гишүүнээс бүрдсэн ажлын хэсэг зохион байгуулна гэж заажээ (20.9). Харин ажлын хэсгийн гишүүд дотроосоо нууц санал хураалтаар ахлагчаа сонгоно. Ажлын хэсэг нийт шүүгчдийн чуулган дуустал ажиллах хуультай. Нийт шүүгчдийн чуулган даргалагчаа дотроосоо сонгоно(20.10, 2.11).


Нийт шүүгчийн чуулганаас Сахилгын хорооны шүүгч гишүүдийг хэлэлцэн шийдвэрлэнэ. Сахилгын хорооний шүүгч гишүүдэд Ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнд тавьсантай ижилхэн шалгуур тавьжээ. Тэр шалгуурыг хангасан шүүгч тус чуулганаас сахилгын хорооны гишүүнд нэр дэвших боломжтой. Тус хорооны 9 гишүүний 4 нь шүүгч байна. тэдний 1 нь Хяналт (УДШ)-ын шүүхээс, 2 нь давж заалдах шатны, 1 нь анхан шатны шүүхийн шүүгч байх юм байна. Шүүгч бус таван гишүүний сонгон шалгаруулалтыг УИХ-ын байнгын хороо Ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын нэгэн адил явуулахаар хуульчилжээ.Тус хорооны гишүүд нэг удаа 6 жилийн хугацаатай томилогдоно. Сахилгын хорооны гишүүд даргаа дотроосоо нууц санал хураалтаар 1 жилийн хугацаатай нэг удаа сонгоно. Сахилгын хорооны шүүгч гишүүнд нэр дэвших, хараат бус, нээлттэй, ил тод байдлыг хангах болон үүссэн асуудлыг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай дэгийг Нийт шүүгчийн чуулган батална. Харин шүүгч бус гишүүдийн ажиллах журмыг хуульд нийцүүлэн байнгын хороо батлах юм байна. Сахилгын хороо нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, болон сахилгын шийтгэл оногдуулах бие даасан байгууллага улсын хэмжээнд нэг байхаар хуульчилжээ. Эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хуульд нарийн тусгасан байна. Тэр бүхнийг энд дурьдах нь илүүц болно. Сахилгын хорооны шүүгч гишүүнийг огцруулахад хүрвэл Нийт шүүгчийн чуулганаар хэлэлцээд нууц санал хураалт явуулж олонх нь дэмжвэл огцруулна. Харин шүүгч бус гишүүнийг Байнгын хороо санал дүгнэлтээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан хэлэлцүүлж шийдвэрлүүлэх юм байна.


"Шүүхийн тухай" хууль үйлчилж эхэлсэн өдрөөс хойш 120 хоногийн дотор Сахилгын хороог шинэ зохион байгуулалтад шилжүүлэх заалтыг тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар зохицуулж өгсөн байна. Ерөнхий зөвлөл, Сахилгын хороо шинээр зохион байгуулагдаж дуусах хүртэл ШЕЗ, түүний харьяанд байгаа шүүгчийн ёс зүйн хороо үйл ажиллагаагаа хэвийн явуулна. Тэгэхээр шүүх шинэчлэгдэх нь зөвхөн цаг хугацааны асуудал боллоо. Харин яаж шинэчлэгдэв гэдэг талаар одоо ярьвал эрт байна.  Шүүхийн шинэчлэл араасаа шүүгчийн шинэчлэлийг зайлшгүй дагуулах бололтой. Шүүгч нар яаж шинэчлэгдэх вэ? Түүнийг харах үлдлээ.

Холбоотой мэдээ