Ангараг гаргийн өндөр нарийвчлалтай зургийг үзүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2021-03-05 13:34:40

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын Үндэсний сансар судлалын газар "Тяньвэнь-1" аппаратаас илгээсэн Улаан нүдэн гаргийн өндөр нарийвчлалтай зургуудыг пүрэв гарагт үзүүлжээ.


Тус байгууллага хоёр нь хар цагаан, нэг нь өнгөт гурван зураг үзүүлсэн байна. Хар цагаан зургуудын нэг нь нэг пиксел тутамд 0.7 орчим метрийн нарийвчлалтай бөгөөд өндөр нарийвчлалтай камераар Ангараг гаргийн гадаргуугаас 330-350 км-ийн зайтай авсан байна. Уг зураг дээр гаргийн жижиг тогоо, уул нурууд, манхнууд тод гарчээ.


Зураг дээр харагдах том тогоо нь 620 орчим метрийн диаметртэй гэж мэргэжилтнүүд тооцоолсон байна.


Улаан нүдэн гаргийн хойд туйлыг харуулсан өнгөт зургийг дунд нарийвчлалтай камераар авчээ. БНХАУ Ангарагийг судлах "Тяньвэнь-1" аппаратаа Хайнань мужийн Вэньчан сансрын буудлаас 2020 оны долоодугаар сарын 23-нд хөөргөсөн билээ.  


"Тяньвэнь-1" 215 хоногийн турш сансарт аялсан бөгөөд одоо дэлхийгээс 212 сая орчим километрийн зайд байгаа юм. Уг аппарат хоёрдугаар сарын 10-нд Ангарагийн тойрог замд орж, 15, 20-нд хоёр удаа тойрог замын тохируулга хийжээ.



Холбоотой мэдээ