ОУВС-гийн Суурин төлөөлөгч Юн Сок Хёныг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-03-09 14:55:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОУВС-гийн Суурин төлөөлөгч Юн Сок Хёныг хүлээн авч уулзлаа.


Монгол Улс Олон улсын валютын санд гишүүнээр нэгдэн орсны 30 жилийн ой энэ онд тохиож байгааг Ерөнхий сайд онцлов. Цар тахлын эсрэг тэмцэх зорилгоор Түргэвчилсэн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг шуурхай шийдэж, төсвийн дэмжлэг олгосонд талархал илэрхийлэв. 2017-2020 онд хэрэгжүүлсэн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн дүнд төсвийн алдагдал буурч, эдийн засаг тогтворжин, макро орчин сайжирсан зэрэг эерэг үзүүлэлт гарсныг тэмдэглэв. Мөн “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”, дархлаажуулалтын явцын талаар товч мэдээлэл өгөв.


Цар тахлын эсрэг Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого, 10 их наядын цогц төлөвлөгөө  үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа ОУВС-гийн Суурин төлөөлөгч Юн Сок Хён тэмдэглэв. Мөн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн, саарал жагсаалтаас богино хугацаанд гарч чадсан улсын нэг гэдгийг хэлэв.


Талууд эдийн засгийг төрөлжүүлэх, төсвийн шинэчлэл хийх, КОВАКС хөтөлбөрийн хүрээнд вакцин нийлүүлэх, авлигын индексийг бууруулах зэрэг асуудлаар санал солилцов.

Холбоотой мэдээ