Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр 328 иргэн бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-03-09 15:10:14

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймагт Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр 328 иргэн бүртгүүлжээ. Шалгалтыг энэ сарын 12, 13-ны өдөр Сүхбаатар суманд зохион байгуулахаар товлосон байна.

Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс 2 дугаар сарын 25-ны өдрийн хооронд бүртгэлд хамрагдсан иргэд http://exam.csc.gov.mn/ холбоосоор орж өөрийн эрхээр нэвтрэн, баталгаажилтын хуудсаа хэвлэн авч, хуваарьтай танилцаж болох аж. Харин шалгалтын хуваарьт өөрчлөлт оруулах боломжгүй гэдгийг зохион байгуулагчдын зүгээс анхааруулж байна. Хэрвээ бүртгүүлсэн иргэд нэвтрэх эрхээрээ орохдоо нууц үгээ мартсан бол цахим шуудан, бүртгэлтэй гар утасны дугаартаа код хүлээн авч нууц үгээ сэргээх боломжтой аж.

Ташрамд дуулгахад, нийслэл Улаанбаатар хотоос ирсэн иргэд тусгаарлалтын горимоо баримтлан, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг анхаарууллаа.

 

Холбоотой мэдээ