Ирэх 7 хоногоос 60-64 насны иргэдийг вакцинжуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2021-03-13 13:03:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Вакцинжуулалттай холбоотой гарч буй түгээмэл асуултад ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмын өгсөн хариултыг хүргэж байна. 


-Өнөөдрийн байдлаар вакцинжуулалтын эхний тунд ямар бүлгийн хүмүүсийг хамруулж байна? 

-Манай улс дархлаажуулалтад хамрагдах ёстой нийт хүн амынхаа 12 хувийг хамруулах хэмжээний вакциныг хүлээж авсан. Энд халдварын эсрэг хариу арга хэмжээ авч, халдвараас сэргийлэх ажлыг зохион байгуулж буй эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон бусад албан хаагчдыг хамруулж байна. 

Мөн халдвар авсан, хүндрэх эрсдэлтэй бүлэг буюу 60-64 насны хүмүүсийг ирэх 7 хоногоос хамруулахаар төлөвлөсөн. Учир нь вакцин хийж буй эмч, ажилтны хүний нөөц, цэгүүдийг хуваарилж, нэн түрүүнд хөдөлгөөнт хүн амаа вакцинжуулахаар ажиллаж байна. Энэ нь олон хүнтэй харьцан үйлчилж буй худалдаа, үйлчилгээний салбарын ажилтан ажилчид юм. 


Вакцины 2 дахь тунг хийх хугацааны мэдээлэл иргэдийн гар утсанд мессежээр очно.


-Вакцин хийлгэсэн иргэдийн хэдэн хувьд сөрөг урвалын хүндрэл илэрч байна вэ?

-Бид вакцин хийсний дараа гарах урвал хүндрэлийг байнга хянаж байна. Нийт хамрагдсан хүмүүсийн 44,8 хувьд халуурах, 48,8 хувьд вакцины зааварт тусгасан урвалын шинж тэмдэг илэрч байна. Хариу урвалын шинж тэмдгүүд 2-3 хоногоос дээш удаан хугацаанд үргэлжилж зовуурьтай байвал эмнэлэгт, эмчид хандан шинж тэмдгийн эмчилгээ хийлгэхийг зөвлөж байна.

 

-Вакцины эхний тунг хийлгэсэн хүмүүст 2 дахь тунг хэзээ хийх вэ?

-Вакцины дараагийн тунг товлосон хугацаанд хийнэ. Товлосон хугацааг иргэдийн гар утсанд мессежээр мэдээлнэ. Түүгээр баримталж хийнэ. Одоо хийж байгаа вакцинуудын хувьд интервал буюу хоёр тунгийн хоорондох хугацаа ялгаатай байгаа. Жишээ нь, "Астразенека" вакцины хувьд 28 хоногийн хугацаатай хийгдэхээр байсан ч ДЭМБ болон олон улсын эрүүл мэндийн байгууллагуудаас өгч буй зөвлөмжийн дагуу хамгийн багадаа 8 долоо хоногийн дараа 2 дахь тунг хийснээр тухайн вакцины үр дүн нэмэгдэж буй нь судалгаагаар гарсан. Тиймээс энэ талын мэдээлэл таны гар утсанд очино. 


-ДЭМБ-аас "Астразенека" вакциныг түр хориглосон уу. Манай улсад энэ вакциныг одоогоор хэдэн хүнд хийсэн бэ?

-ДЭМБ-аас тус вакциныг үргэлжлүүлэн хэрэглэх зөвлөмж бүхий уриалгыг хүргүүлж байгаа. Зарим улс оронд түр зогсоосон байгаа хэдий ч энэ вакцин нь халдвараас, хүндрэлээс сэргийлэх үр дүнтэй байгаа тул үргэлжлүүлэн хийж иргэдийг халдвараас хамгаалж сэргийлж байна. Тиймээс улс орнууд судалгаа, шинжилгээний үндсэн дээр дээрх вакциныг үргэлжлүүлэн хийх шийдвэрээ гаргасаар байна.


Холбоотой мэдээ