Байгалийн онц аюултай үзэгдлийн улмаас таван хүний амь эрсэджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-03-15 10:59:27
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Энэ сарын 14-ний өдөр нийт нутгийг хамран үргэлжилсэн байгалийн онц аюултай үзэгдлийн улмаас Дундговь аймгийн хэмжээнд таван хүний амь эрсдээд байна.

Аймаг, сумын Онцгой комисст нийт 345 дуудлага ирж, 455 хүн сураггүй алга болж, 15-ны 9.30 цагийн байдлаар 396 хүнийг олж, одоо 60 хүнийг эрэн хайх ажил үргэлжилж байна.

Аймгийн хэмжээнд 223 алба хаагч, 74 техник хэрэгсэлтэй, алга болсон иргэдийн ар гэрээс 90 хүн 46 техник хэрэгсэлтэйгээр хамтран эрэн хайх ажлыг зохион байгуулж байна. 

Байгалийн онц аюултай үзэгдэл аймгийн бүх сумыг хамарч, Эрдэнэдалай, Сайнцагаан суманд салхи секундэд 40 метр хүрч, долоон цагийн турш өдрийн цагаар тэнгэр харанхуйлсан. 9 суманд тог цахилгаан тасарсан, одоо ч Адаацаг, Баянжаргалан сум цахилгаангүй байна.

Одоогийн байдлаар 15 айлын гэр, хашаа нурсан, олон байшингийн дээвэр хуурч, малчдын хувьд бараг айл бүр малаа алдсан байна.

Энэ талаар аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр “Хохирлын хэмжээ нарийн гарах болоогүй, эрэн хайх ажиллагааг явуулж байна. Үргэлжлүүлээд хохирлын хэмжээг тогтооно” гэлээ.  

Холбоотой мэдээ