К.Роналду Пелегийн амжилтыг эвдлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2021-03-15 16:27:46

ЛИСБОН. /Sputnik/. Португалийн нэрт хөлбөмбөгч Криштиану Роналду албан ёсны тоглолтуудад оруулсан гоолынхоо тоогоор Бразилын домогт хөлбөмбөгч Пелегийн тогтоосон дээд амжилтыг эвдлээ.


Өдгөө 36 настай К.Роналду ням гарагт Кальяри клубийн эсрэг тоглолтод гурван гоол оруулснаар албан ёсны тоглолтуудад оруулсан гоолынх нь тоо 770-д хүрчээ. Тэрбээр шинэ дээд амжилт тогтоосныхоо дараа “Instagram” хуудсандаа Пеле болон хөгжөөн дэмжигчдэдээ зориулан нийтлэл бичжээ.


“Өнөөдөр миний бие мэргэжлийн карьерийнхээ 770 дахь гоолыг орууллаа. Юун түрүүнд Пелед хандан чин сэтгэлийн үгээ хэлмээр байна. Дэлхий дахинд түүний тоглолт, гоол, амжилтын талаар дуулж байгаагүй тоглогч нэгээхэн ч үгүй. Би ч мөн тэдний нэг юм” гэж тэрбээр нийтэлсэн байна.


Өдгөө 80 настай Пелегийн хувьд карьерийнхээ хугацаанд 767 гоол оруулснаар дээд амжилтыг эзэмшиж байсан бөгөөд тэрбээр К.Роналдуд баяр хүргээд, түүнийг бахархан биширдэг гэдгээ онцлон бичжээ.


Хэдийгээр К.Роналдугийн оруулсан гоолын тоо Пелегийнхийг давсан ч өөрсдийгөө хамгийн олон гоол оруулсан гэж үздэг өөр хөлбөмбөгчид байдаг юм. Тухайлбал, Чехийн хөлбөмбөгч Йозеф Бицан 821 гоол, Бразилын хөлбөмбөгч Ромариог 1000 гоол оруулсан гэж мэдэгддэг байна. 

Холбоотой мэдээ