Тусгаарлах байранд байсан, 70 настай эмэгтэй нас баржээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОДРУУЛГА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “COVID-19” халдварын өнөөгийн нөхцөл байдал болон цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос сэтгүүлчид дараах асуултад хариулт авлаа.
-Тусгаарлах байранд байсан нэг хүн нас барсан байна. Шалтгаан нь юу байв?
-“Монголика” тусгаарлах байранд байсан, 70
настай эмэгтэй нас барсан. Тухайн хүн Төв аймагт оршин суудаг, батлагдсан тохиолдлын
ойрын хавьтал байв. Тусгаарлах байранд энэ сарын 11-нд ирж, маргааш нь өгсөн PCR шинжилгээний хариу сөрөг
гарсан. Эмчийн үзлэгээр ой тогтоолт алдагдалтай, хөнгөн хэлбэрийн сэтгэцийн өөрчлөлттэй гэж дүгнэсэн. Тусгаарлах байрны эмч өдөрт 5-7 удаа тогтмол үзлэг
хийж байсан. Гэтэл өчигдөр гэнэт нас барсан. Хэрвээ ар гэрийнхэн нь хүсэлт
гаргавал задлан шинжилгээ хийж, оношийг нь эцэслэнэ. Сэтгэцийн өөрчлөлттэй, зүрх,
суурь өвчний шалтгаантай байх магадлалтай, халдвар авах эрсдэл багатай гэсэн урьдчилсан
дүгнэлт гараад байна.
-“COVID-19” халдварын тохиолдол багасахгүй байна. Авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд ямар үр дүнтэй байв?
-Хоёрдугаар сарын 11-23-ныг хүртэл 12 хоногийн хугацаанд
хөл хорио тогтоосон. Энэ хооронд “Нэг
хаалга-Нэг шинжилгээ” хийхэд үр дүнтэй болсон. Шинжилгээний үр дүнд далд байсан
33 голомт, 200 гаруй халдварын тохиолдлыг илрүүлсэн.
Халдвар тархаад, ихсээд байгаа гол шалтгаан нь олон нийтийн газарт 10-аас дээш хүн цуглах зэргээр олныг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулсантай холбоотой. Мөн шөнийн цагаар хөдөлгөөн ихсэж, баар, цэнгээний газрууд нээгдлээ. Эдгээр нь халдвар тараах эрсдэлийг нэмэгдүүлсэн. Эрүүл мэндийн салбарынхан хариу арга хэмжээ, тандалтын шинжилгээг авч байна. Улс оронд үүсээд буй байдал цаашид эрсдэл дагуулах нөхцөл үүсэж байна. Эрүүл мэндийн салбараас УОК-т саналаа оруулснаар улбар шар буюу гуравдугаар шатанд 14 хоногийн хугацаанд 14 байгууллагын үйл ажиллагааг хязгаарлаж ажиллана гэсэн шийдвэрийг гаргуулсан.
-“Астразенека” вакциныг Европын зарим оронд түр зогсоосон.
Манай улс энэ талаар ямар бодлого барьж байна вэ?
-“Астразенека” вакциныг 65-аас дээш насны хүнд хийж
болохгүй гэсэн зөвлөмж байгаа. ДЭМБ-аас авсан мэдэгдлээр, тус вакциныг дэлхийн
гурван оронд түр зогсоосон боловч хэрэглэхийг хязгаарлаагүй. Гуч гаруй хүнд цусны бүлэн үүссэн гэсэн мэдээлэл цахим орчинд гарсан. Энэ нь вакцинтай холбоотой эсэхийг судалж байгаа гэсэн. Тиймээс тус
вакциныг бүрэн хориогүй тул манай улсад үргэлжлүүлэн хийж байгаа. Өнгөрсөн
гурван өдөр боловсролын салбарынхныг дархлаажуулсан. Энэ долоо хоногт 50-64 насны 185 мянган хүнийг
дархлаажуулахаар төлөвлөсөн. Мөн хөгжлийн бэрхшээлтэй 34 мянган иргэнийг вакцинжуулна.
-Иргэд вакциныг сонгон хийлгэж болох уу?
-Манай улсад “Спутник-V”, “Синовак”, “Астразенека”, “Файзер” гэсэн вакцинд зөвшөөрөл олгосон. Эдгээрээс сонгож хийлгэнэ гэж иргэд буруу ойлгоод байна. Вакцин хийлгэхээс өмнө эмч үзлэг хийн, харшил, даралт ихсэх зэрэг суурь өвчтэй эсэхийг харгалзан тухайн хүнийг вакцинжуулах эсэхийг шийднэ. Тухайлбал, “Спутник-V”, “Синовак” вакциныг харшлын урвал бага өгдөг тул 65-аас дээш насны хүнд хийж болно гэсэн заалт бий.
-Монгол эрдэмтдийн бүтээсэн, шүлснээс коронавирус илрүүлдэг
оношлуурыг хэзээ нэвтрүүлэх вэ?
-Энэхүү оношлуур эмнэл зүйн шатыг давсан. Оношлуурыг ХӨСҮТ-д 50 хүнд туршиж, мэдрэг болон өвөрмөц чанар нь 100 хувь баталгаажсан. Одоо үйлдвэрлэлд нэвтрүүлэх шатанд явж байна.
-PCR
шинжилгээний хариунд эргэлзэж буй иргэд цөөнгүй байна. Ер нь шинжилгээний баталгаанд эргэлзэхгүй байж болох уу ?
-Дэлхий нийтэд коронавируст цар тахал тархаад жил гаруй
болж байна. Манай улсад дотоодын халдвар 2020 оны 11 дүгээр сарын 11-нээс хойш
гарсан. Үүнээс өмнө PCR шинжилгээ хийдэг байсан. Түүнээс өмнөх 10
сарын хугацаанд зөөвөрлөгдсөн тохиолдол батлагддаг байсан. Хэрэв PCR шинжилгээний хариу буруу гардаг байсан бол, өнөөдөр халдварын тохиолдлын тоо ихэссэн, нөхцөл байдал илүү
хүндэрсэн байх байсан. ХӨСҮТ-ийн PCR лабораторид дотоод болон гадаад хяналтыг хийдэг. Гадаад хяналтыг хийхдээ Австралид сорьц явуулж баталгаажуулдаг. Шинжилгээг чанар, стандартын ном журмын
дагуу хийж байгаа тул хариунд эргэлзэх хэрэггүй.
-“Оюутолгой” ХХК-д халдварын нэг тохиолдол илэрсэн гэсэн.
Ойрын хавьтлын хэчнээн хүнийг тусгаарласан бэ?
-“Оюутолгой” ХХК-д халдварын нэг тохиолдол батлагдсан. Тухайн
хүнийг Улаанбаатар хотод шилжүүлэн, эмнэлэгт эмчилж байгаа. Ойрын хавьтлын
20-иод хүнийг Оюутолгойн үйлдвэрээс тусгаарлаж, дүрэм журмын дагуу хяналт тавин
хариу арга хэмжээ авч байгаа.