Хаяаши Шиничиро: “Салхи” шиг, “чоно” шиг монгол хүнтэй уулзахыг хүсэж байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
oyundelger@montsame.gov.mn
2021-03-16 15:55:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол дахь Япон Улсын Элчин сайдын яамны Элчин зөвлөх Хаяаши Шиничирог нутаг буцахаас нь өмнө уулзаж ярилцлаа. Тэрбээр 1980 оноос хойш Монгол Улсад таван удаа томилогдон ажилласан төдийгүй, амьдралынхаа 25 жилийг монгол орон, монголчуудтай ойр өнгөрөөсөн дипломатч юм. 


Элчин зөвлөх Хаяаши Шиничиро “Сүүлийн өдрүүдэд намайг үдэж буй хүмүүсийн сайхан үгийн мялаалгад орой бүр аньсага чийгтэж, бүр уйлаг болчихоод байна хэмээн хоргодон буй сэтгэлээ илэн далангүй өгүүлснээр бидний яриа өрнөлөө.

Тэрбээр, "Өөрийгөө жаахан магтахад, уулзсан хүмүүс намайг “Монгол хүнийг сайн ойлгодог, юм асуухад уурлаж татгалздаггүй, хийж байгаа ажилд тань сэтгэл шингэсэн байдаг аа” гэцгээх нь ГХЯ-нд 30 гаруй жил ажиллахдаа сонссон хамгийн сайхан үг, том одон хүртсэнтэй адил надад үнэ цэнтэй юм. Иймд би харамсах зүйлгүйгээр нутаг буцаж байна. Энэ олон жилийн хугацаанд уулзаж учирсан монгол хүн бүрт чин сэтгэлийнхээ талархал илэрхийлье” гэсэн юм.


-Таныг монгол хэлийг маш сайн сурсан гэдэг. Монгол хэл, монгол орныг анх сонирхох болсон түүхээсээ хуваалцана уу?

-Ахлах сургуулиа төгсөөд, Васэдагийн их сургуулийн Дорно дахин судлалын ангид элсэж орсон. Дорно дахиныг тэр дундаа Хятадын түүхийг үзэж байхад Хятадын хойгуур нүүдэллэн амьдарч байсан хүмүүс анхаарлыг маань татсан юм. Хятад судлалд хойд нутгаас хүмүүс “салхи мэт” дайрч ирээд буцдаг тухай өгүүлсэн нь бий. Тэр хүмүүсийг нүдээр харж, мэдэхийг хүссэн юм.

“Монголын нууц товчоо”-г үндэслэн япон зохиолчийн бичсэн “Бөртэ чоно” зохиолд монгол эр хүнийг нас биед хүрэхээрээ “чоно” болдог тухай гардаг нь маш сонирхолтой санагдсан. “Салхи” шиг, “чоно” шиг хүнтэй уулзахыг хүсэж байсан ч тухайн  үед Монгол Улс социалист орон байсан учир япон хүн жуулчилж ирэх боломжгүй байлаа. Их сургуулийнхаа профессор багштай монгол хүмүүстэй яаж уулзаж болох талаар асуухад Токиогийн Гадаад судлалын их сургуулийн монгол хэлний ангид орвол нутагт нь сурах боломжтой гэж зөвлөсөн. Ингээд хоёр жил сурсан Васэдагийн их сургуулиасаа гарч, Токиогийн Гадаад судлалын их сургуулийн монгол хэлний ангид 1978 онд элсэн, нэгдүгээр курсээс монгол хэл үзэж эхэлсэн түүхтэй.

Монгол хэлийг хоёр жил олигтой сайн сураагүй байлаа. Бэйсбол их сонирхоно. Гэтэл нэг удаа бэйсболын багт монгол хэлний багштай санаандгүй таарсан юм. Тэр хүн надад Монгол Улс дахь Японы ЭСЯ-нд монгол хэлтэй хүн гэрээгээр ажилд авах юм байна, бүртгүүлээд үзээч гэж хэлэхэд Монголд очиж үзэхээс гадна ажиллаж бас хэлээ сайжруулж болох нь гэж бодсон. Удалгүй, 1980 оны дөрөвдүгээр сард Бээжингээс галт тэргээр Улаанбаатарт хөл тавьсан маань Монголтой холбогдсон анхны шижим байсан юм.


-Анх хөл тавихад хаврын жихүүн салхитай сэрүүвтэр улирал байжээ дээ. Тэр цагаас хойш та Монгол Улсад хэдэн удаа ирж ажиллав?

-Тийм ээ, маш ширүүн салхитай байсан. Цэл залуухан 22 настай ирж байлаа. Тухайн үед би жинхэнэ Монголд ирчихлээ шүү дээ гээд маш их баярлаж байснаа тодхон санаж байна. Миний хувьд, 1980-1983 онд Монгол Улс дахь Японы ЭСЯ-нд анх гэрээт ажилтнаар ирснээс хойш 1990 онд Японы ГХЯ-нд дипломат ажилтан, 1990-1994, 2002-2005, 2011-2015, 2018-2021 онд Японы ЭСЯ-нд гээд Монгол Улсад 5 удаа ирэхдээ нийт 15 жил ажиллажээ.




-Манай улсад нийгэм солигдсон цаг үеүдэд удаа дараа ирэхэд танд ямар өөрчлөлт, сэтгэгдэл мэдрэгдэж байсан бэ?

-Японы эзэн хаант засагтай орны хүмүүс социалист нийгмийн үед монголчуудтай чөлөөтэй харилцаж чаддаггүй байсан. Тэр үед миний хийж байсан ажлын нэг бол Бээжин хүрэх галт тэрэгний билет худалдаж авах. ЭСЯ-ны дипломат ажилтан сард нэг удаа Улаанбаатараас Бээжин явах шаардлагатай байдаг тул Москвагаас ирэх галт тэрэгний хэддүгээр вагонд хэдэн суудал байгааг мэдтэлээ өглөөнөөс орой хүртэл хүлээнэ. Тухайн үед утас, мэйл, факс байхгүй, цахилгаан мэдээгээр нарийхан нүхтэй цаасан дээр мэдээлэл нь ирдэг байв.


Улаанбаатар зочид буудлын эсрэг талд байсан Төмөр замын билет борлуулах цэгт 3, 4 эмэгтэй кассчин ажилладаг байлаа. Тэр үед одоогийнх шиг зочиддоо элэгсгээр инээмсэглэн үйлчилдэггүй байв. Миний монгол хэл муу, сайн ярихгүй. Япон хүн учир надтай хүйтэн харьцана. Уйлаад, зугтах тухай хэд хэдэн удаа бодож байсан шүү. Өнөө кассчид инээмсэглэхгүй ч хүлээлгийн танхим хүйтэн учир хааяа өрөөндөө оруулж суулгана. Надруу хүйтэн харсан ч халуун цай, амттай жигнэмгээр дайлна. Хөгжилтэй ч гэмээр зүйл болж байлаа. Нэг удаа кассчин бүсгүй “Бие засах газар ороод ирье, чи энд суугаад билет зарж бай” гэж хэлэхэд касс дээр сууж үлдсэн тохиолдол бий. Хоёр жил гаруй тэднээс сар бүр билет авсаар сүрхий танил болж, кассын ажилтан эмэгтэй намайг гэртээ урьсан. Бүсгүйд энэ үйлдэл эрсдэл дагуулж болох учир төвөг удахгүйн үүднээс татгалзсан.

Гэтэл “Та салхи шиг хүн учир зүгээр ээ, манайд ирэхэд асуудалгүй” гээд дахиад урьсан. Тухайн үед япон хүн гэртээ аваачиж болохгүйг мэдсээр байж урьсныг бодоход монгол хүн нээрээ “чоно” юм гэж бодож билээ. Би монголчуудыг “салхи” мэт гэж ойлгодог байсан бол намайг “салхи” шиг залуу гэхэд сайхан санагдаж байсан шүү.



Үүний дараа 1990 онд ардчиллын хөдөлгөөн өрнөх үед Монголд ажиллахдаа дөнгөж гэрлээд эхнэрээ дагуулж ирсэн. Орон сууцанд цахилгаан, ус, халаалт их тасарна. Гэрт хүйтэн, заримдаа цонхны өмнө зузаан мөс тогтоно. Ийм нөхцөлд бид хоёр лаа асаан, харанхуйд цахилгаан ирэхийг хүлээж, олон давхар хөнжил нөмрөөд, хүйтэн өдрүүдийг өнгөрүүлж байлаа. Халуун ус тасрахад крантаа нээж орхиод, ирэнгүүт нь шөнө байсан ч босоод усанд орж, хувцсаа угаадаг байсан үеэ мартах аргагүй юм даа. Тухайн үед цахилгаан, халуун ус бүх нийтээрээ тасарч байсан учир ганц намайг ялгаварласан хэрэг биш юм л даа. Ийм хүнд нөхцөлд ч гэсэн ардчиллыг эхлүүлсэн залуусын халуун сэтгэл байсан учир тэр бүхэн надад хэцүү хүнд санагдаж байгаагүй юм.


-Цэл залуухан 22 настайдаа анх иржээ. Манай улсад томилогдох бүртээ гэр бүлтэйгээ ирж байв уу. Эхнэртэйгээ ер нь хэрхэн танилцсан бэ?

-Би ГХЯ-нд орохоосоо өмнө усан онгоцны компанид ажиллаж байсан. Тэр үед даатгалын компанийн залуу эмэгтэй ирж, даатгалд хамрагдах талаар ярилцах гэхэд бүгд завгүй, харин би өөр ажилд орох гээд чөлөөтэй байснаараа уулзсан юм. Би “Амь насны даатгалд хамрагдлаа гэхэд намайг нас барахад даатгалыг минь авах эмэгтэй хүн олоод ир”, тэгвэл даатгалд хамрагдъя гээд тоглочихсон юм. Гэтэл бүсгүй бодитоор хүлээж аваад, маш шалмагаар нэг хүн танилцууллаа. Танилцуулсан бүсгүй тухайн үед бас ажлаас гараад Шинэ Зеланд явах гэж байж.


Монголын талаар юу ч мэддэггүй тэр хүнд би Монголыг хүн амаасаа олон хоньтой, Азийн Шинэ Зеланд гэж бурснаа санаж байна.

Бид хоёр 6 дугаар сарын 20-нд уулзаад, наймдугаар сарын 2-нд гэрлэлтээ бүртгүүлсэн. Шинэ Зеланд явахаа болиод надтай гэрлэсэн бүсгүй даатгалын ажилтны найз нь байсан юм. 1990 оны 11 дүгээр сарын хүйтнээр Монголд анх ирж, бид хоёр энд "романтик"-аар өвлийг давсан. Хоёулахнаа цагийг өнгөрүүлж, бие биенээ илүү сайн таньж билээ. Тэр үед эхнэр маань 23 дугаар сургуульд япон хэлний багшаар ажиллаж, Монголын сэргэлэн цовоо бяцхан үрсэд элгэмсүү болж, тэд ч их дотносдог байсан даа. Эхнэр минь өмнөх томилолтуудаар Монголд ирж ажиллаж байгаад энэ удаа үлдсэн. 


-Харин хүүхдүүд тань Монголд хэрхэн сурч, амьдарч байсан бол?

-Манайх хоёр хүүтэй. Том хүү Монголд ахлах сургуульд сурч байхдаа ээж нь дуудаж сэрээдэг, өглөө босдоггүй, хойргодуу байсан. Нэг удаа морь унах долоо хоногийн аялалд яваад шал өөр хүн болж ирсэн. Нүдний харц, зан ааш нь өөрчлөгдсөнийг морь унаж, Монголын сайхан байгальтай харьцсан нь нөлөөлж гэж боддог. Эрэмгий адуучин залуус, хүүхдүүдийг хараад бахархах сэтгэл төрсөн байх. Удалгүй өөрийнхөө хүслээр Төв аймагт адуучин айлд нэг сар болсон. Япончууд Монголыг илүү мэдэж таниасай, надтай адил морь унаж үзээсэй гэж хүсээд, хөтөч болохоор шийдэж, мэргэжлийн коллежид аялал жуулчлалын чиглэлээр сурч байгаа. Японы JTB аялал жуулчлалын компанид ажилд орсон. Токиогийн олимпын бэлтгэл ажлын багт, Монголтой холбоотой ажил хийж байгаа. Тэр үед 18 настай байсан, одоо 25-тай. Тухайн үед монгол хэл бага сага сурснаа одоо мартсан байж мэдэх юм. Гэхдээ Монголд байхдаа эр хүн яаж амьдрах болон бие даах ухаанд суралцсан. 


-Та өөрөө морь унадаг уу, чөлөөт цагаа яаж өнгөрүүлдэг вэ?

-Төв аймгийн Сэргэлэн суманд Майдар бурхны орчим гадаад хүмүүст морь унуулж сургадаг жуулчны бааз бий. Тэнд чөлөөт цагаараа очиж морь унах дуртай. Тус жуулчны бааз морь унаачдад зориулаад 5-9 хүртэл зэрэглэл тогтоосныг бүгдийг нь авсан шүү. Цар тахлын улмаас морь унаж чадахгүй байгаа. Намайг нутаг буцах гэж байгааг сонсоод, баазынхан энэ сарын 21-нд морьдоо Налайхад авчрахаар ярьсан. Тэнд очиж морь унана.


-Монголтой холбогдсон 25 жилийн ажлаа цэгнэхэд, хийж амжаагүй зүйлс байна уу, нутаг буцаад юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Миний ажлын үр дүн бүтээл гэвэл яг энэ гээд үзүүлэх зүйл байхгүй. Төсөл хөтөлбөр эхлүүлж, том бүтээн байгуулалтад оролцсон юмгүй. Удахгүй нутаг буцаж, тэтгэвэртээ суугаад, дипломат албанаас холдоно. Харин Монголд байх хугацаандаа хөдөө орон нутгаар маш олон удаа явсан. Монголын баруун бүсийн Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай аймгаар явах байсан ч цар тахлын улмаас чадаагүй. Энэ нь тэтгэвэрт гарсныхаа дараа тухтай ирж үз гэсэн бурхны таалал байж магадгүй.


-Энэ хариулт тань бидний яриаг дипломат алба руу хөтөлчихлөө. Та хоёр орны төрийн өндөр дээд хэмжээний олон айлчлалд оролцож байв уу?

-Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш манай хоёр орны харилцаа идэвхтэй өрнөж, Монголын төрийн тэргүүн, УИХ, Засгийн газрын төлөөлөгчдийг Японд урих болсон. Ерөнхийлөгч Н.Багабандийг 1998 онд анх Японд айлчлахад би ГХЯ-нд Монголыг хариуцсан хэлтэст ажиллаж байв. Монголын өндөр албаны хүн анх удаа сумогийн тэмцээн үзэж, дараа нь оройн зоог барихад Гадаад хэргийн сайдын ард суугаад орчуулга хийсэн. Н.Багабанди ерөнхийлөгч сумо үзсэн тухайгаа

“Сумогийн ордонд ороход үзэгчид бүгд суудлаасаа босож, надруу харан, алгаа ташаад халуунаар угтсан. Цөөн хүн амтай жижиг улсын ерөнхийлөгчийг бүгд босож халуунаар хүндэтгэн угтаж авсанд миний сэтгэл их хөдөлсөн” гэж ярьсан. Түүний энэ яриаг сонсоод миний сэтгэл хөдөлж, нулимс цийлэгнээд, орчуулгаа олигтой хийж чадахгүй болж билээ.

Энэ миний хувьд ичмээр ч гэлээ, хэзээ ч мартахааргүй дурсамж юм.


Өөрийгөө жаахан дөвийлгөхөд, Японы дөрвөн Ерөнхий сайд Монгол Улсад зургаан удаа айлчлахад би Монгол Улс дахь Японы ЭСЯ-нд, эсвэл Японы ГХЯ-нд Монгол Улсыг хариуцан ажилласан байв. Ерөнхий сайдаас гадна Японы угсаа залгамжлах хунтайж Монголд айлчлахад ард нь сууж байлаа. Мэдээж Монголын төрийн тэргүүн, Ерөнхий сайд нарын Японд хийсэн айлчлалд бүгдэд нь оролцсоноороо би азтай хүн. ГХЯ-нд 30 жил ажилласны 15-ыг нь Монгол дахь ЭСЯ-нд, 10-ыг нь Японы ГХЯ-нд Монголыг хариуцсан хэлтэст гээд Монголтой ойр, холбоотой 25 жил ажилласнаараа өөрийгөө их хувьтай япон хүн гэж боддог.


-Япон улсын гадаад бодлогод Монгол Улсын ач холбогдлыг хамгийн товчоор та хэрхэн тодорхойлох вэ. Монгол оронд олон жил ажилласан дипломатч хүний хариулт сонин санагдаж байна?

-Дипломат албанд олон жил зүтгэхдээ Монгол Улс бол Японы гадаад бодлогын хувьд, Азийн бүс нутгийн улс орнууд дундаас маш чухал улс болохыг гүнзгий ойлгож мэдэрсэн. Монголын талаар ярих бүртээ би ШХАБ-ын логог эшлэл болгох дуртай. Монгол Улс ШХАБ-д ороогүйг цэнхэр өнгөөр тэмдэглэсэн зураг бий. Энэ логог харахаар Монгол Улс хойд, өмнөд хоёр том гүрний дунд оршихдоо нөлөөнд авталгүй, тусгаар тогтнолоо баталгаажуулан, олон улсын энх тайван, тогтвортой байдлын төлөө хувь нэмрээ оруулж байгааг үнэлж байгаа мэт санагддаг.

 


Энэ олон улс орон бүгд ШХАБ-д орсон байхад ганцхан Монгол торойгоод үлдсэн нь, бас Япон улс Монгол Улстай үнэт зүйлс нийтлэгийн хувьд чухал байр суурь эзэлдэг юм. Монгол Улс энэ хэвээрээ аль нэгэнд нь орохгүй байгаасай гэж хүсэж байна. Гэхдээ хоёр хөрштэйгөө муудаасай гэсэн үүднээс хэлээгүй шүү. Монгол Улс үргэлж тэнцвэртэй гадаад бодлого барих зарчим баримталдаг. Энэ лого дахь тод цэнхэр өнгө шигээ хойд, урд болон гуравдагч хөрштэйгөө харилцаж байвал Монгол Улс улам бүр хөгжинө гэж боддог. Үүний төлөө Япон улс хамтран ажиллаж дэмжлэг үзүүлж ирсэн.


-Хагас зуун жилийн түүхтэй дипломат харилцаа 1990 онд хөгжлийн цоо шинэ шатанд гарч, стратегийн түншлэлээс эдийн засгийн түншлэлийн түвшинд ирсэн байна. Ер нь та өнгөрсөн хугацаанд хоёр улсын харилцааны чиг хандлага хэрхэн өөрчлөгдөж байна гэж үздэг вэ. Манай хоёр орны харилцааны хамгийн чухал үндэс таныхаар чухам юу вэ?

-Сүүлийн 10 жилд хоёр орны улс төрийн салбар дахь харилцаа өндөр түвшинд хүрсэн. Гэхдээ эдийн засгийн харилцаа улс төрийн харилцаатай адил түвшинд хүрээгүй байгаа. Япон улс эдийн засгийн харилцааг хөгжүүлэхийн төлөө Монголын хувьд анхны эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан. Цаашид хоёр орны харилцааны хүрээнд Монголын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт тулгуурлан, аль болох олон бараа, бүтээгдэхүүнийг Японы зах зээлд гаргах нь хамгийн том хийх ёстой ажил юм.

Манай Элчин сайд Кобаяши Хироюки япон хүмүүст, Японы зах зээлд Монголын ямар бараа бүтээгдэхүүн амжилттай зарагдах вэ гэдэгт анхаарал тавьж байгаа. Одоогоор чацаргана, ноолуур, гоо сайхны эко бүтээгдэхүүн, сарлагийн шар тос гарч байна. Японы шар тосны зах зээлийг Непал улс дангаараа эзэлсэн байдаг. Эдийн засгийн хэлэлцээрийн дүнд гаалийн татвар тэг болох учир том өрсөлдөгч болж чадна гэж итгэж байна. Гэхдээ үүнийгээ маш сайн сурталчлах хэрэгтэй.


-Хоёр орны харилцаа дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд гээд олон салбарт эрчимжсэн. Та хоёр орны харилцаа хойшид аль чиглэлээр түлхүү хөгжөөсэй гэж хүсдэг вэ?

-Япон Улс 1990 оноос эдийн засгийн том хэмжээний олон тусламж үзүүлснээс боловсролын салбарыг түлхүү анхаарч ирсэн. Японы чиглэл үзэл баримтлал зөв юм. Дэд бүтэц бусад салбарыг анхаарах нь чухал ч хүний боловсрол, хүний хөгжлийг анхаарч, тухайн орныг авч явах залуу боловсон хүчин бэлтгэснээр ирээдүйн гол хөдөлгөгч хүч болдог. Энэ салбарыг орхиогүй гэдэгт итгэлтэй байна. Цаашид ч улам бүр бэхжүүлж гүнзгийрүүлэх салбарын нэг гэж боддог.


-Япон Улсын дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүний технологи, ноу хау, тэргүүн туршлагаас суралцах сонирхолтой монгол залуус мэдээж олон байдаг. Ер нь, та Монголын залууст хандаж юу хэлнх вэ?

-Монголын залуус маш чадварлаг, сүрхий. Тийм ч учраас 100 жилийн өмнө Хятад, Орост эзлэгдэхгүйгээр тусгаар тогтнолоо авч үлдсэн. Ийм хүмүүс одоо ч байгаа гэдэгт итгэдэг. Цаг агаарын эрс тэс хүнд нөхцөлд биеийн тэсвэр тэвчээрээс гадна ухааныхаа хүчээр өдий хүртэл тусгаар тогтнолоо авч үлдсэн цөөн хүмүүс нь Монголдоо үлдсэн гэж боддог. Өөрсдөө ирж амьдарч үзэхгүй бол ийм мундаг хүмүүс гэдэг бодит байдлыг мэдэхгүй өнгөрөх байсан. Залууст хандаж хэлэхэд, манайх жижиг улс, эдийн засаг хөгжихгүй, улс төр нь бохирдсон, энэ тэр гэж байгаа ч монгол залуусын чадвар дэлхийн түвшинд хүрсэн гэж бодож байна. Тиймээс цээж дүүрэн, хараа дээгүүр, хиймээр байгаа зүйлдээ зорьж амьдраасай гэж захимаар байна.


-Та яриагаа эхлэхдээ “салхи” шиг “чоно” шиг монгол хүний тухай дурдсан. Монголтой холбоотой олон жил ажиллахдаа ийм хүнтэй учирч байв уу?

-Элчин сайд С.Хүрэлбаатар бол миний хамгийн их хүндэлдэг дипломатч. Монгол дахь Японы ЭСЯ-нд 1980 онд гэрээт ажилтнаар ирэхэд С.Хүрэлбаатар сайд тэнд ажиллаж байсан. Миний ширээг түүний өрөөнд оруулж тавьсан. Ингэж 40 жилийн өмнө бид хоёр нэг өрөөнд сууж байв. Монгол хэл мэдэхгүй надад их зүйл зааж сургасан. С.Хүрэлбаатар Япон дахь Монгол Улсын Элчин сайдаар хоёр удаа, Монгол Улсын ГХЯ-нд Азийн газрын захирлаар хоёр удаа томилогдсон. Би тэр үед Монголыг хариуцсан ажилтан байв. Япон Монголын харилцааг дэмжих “Түншийн холбоо”-ны гүйцэтгэх захирал С.Хүрэлбаатар сайд Элчин сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд руу Токиогоос шууд утсаар ярьж, асуудлыг газар дээр шуурхай нь шийддэг байсныг хараад "Сайд хүн яг л ийм байх хэрэгтэй" гэсэн гүн сэтгэгдэл төрүүлж байж билээ. Надаас гадна манай яамны дипломат ажилтнууд хүртэл “жинхэнэ сайд” байна гэж ярьж байсан юм. Тийм болохоор "Чоно" шиг монгол эр хүн гэвэл Элчин сайд С.Хүрэлбаатарыг хэлнэ дээ.

 

Холбоотой мэдээ