НББХ: Эрүүл мэндийн сайд С.Энхболд өргөн мэдүүлсэн төслүүдээ буцаан татлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-03-16 13:05:12
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газар өргөн мэдүүлсэн төслүүдээ буцаан татлаа. 


Байнгын хорооны хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. 


Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд гишүүдэд товч танилцуулга хийсэн юм.  Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа салбарын сайд хуулийн төслийг буцаан татаад, сайжруулж оруулж ирье гэдэг саналыг гаргасан юм.



Дараа нь Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцуулж, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил дээрх төсөлтэй ижил буцаан татаж Засгийн газраар дахин хэлэлцүүлэх горимын санал гаргасан юм. Хуулийн төсөлд зарчмын хувьд өөрчлөх асуудал байгааг үг хэлсэн гишүүд санал нэгтэй дэмжив. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Одонтуяа хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагагүй гэсэн байр суурийг илэрхийлсэн бол С.Чинзориг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хэрхэн хүртээмжтэй, чанартай, шуурхай хүргэхэд чиглэсэн төсөл болгоход анхаарах хэрэгтэй гэсэн байр сууриа илэрхийллээ.


Ингээд хэлэлцүүлгийн аль ч шатанд төсөл санаачлагч нь төслөө татаж авч болох хуулийн зохицуулалтын дагуу төслийг татан авч буй саналаа салбарын сайд гаргасан юм.


Хуралдааны төгсгөлд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай” тогтоолын төслийг хэлэлцэхийг хойшлуулав. Учир нь тус зөвлөлийн гишүүнд зарим хүмүүсийг нэр дэвшүүлсэн талаарх албан ёсны бичиг нь ирээгүй аж. Ийнхүү өнөөдрийн Байнгын хорооны хуралдаан өндөрлөв.

Холбоотой мэдээ