Түншлэлийн түүхийг гэрэл зургаар өгүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-03-16 18:07:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс Дэлхийн банкны гишүүнээр элсэн орсны 30 жилийн ой болж байна. Манай улс 1991 оны 2 дугаар сард Дэлхийн банкны гишүүн орон болсон юм. 

Өнгөрсөн 30 жилд Дэлхийн банкнаас Монгол Улсад нийт 1.28 тэрбум ам.долларын хөгжлийн санхүүжилтийг олгож, улс орны эдийн засгийн хөгжил, иргэдийн амьжиргааг сайжруулах болон байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой олон асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулж ирсэн.

Дэлхийн банк групп, Монгол Улс хоорондын түншлэлийн 30 жилийн ойг тохиолдуулан хамтын ажиллагааны түүхийг бичилцсэн, мөн өдгөө бичилцэж буй хамтран ажиллагсад, төсөл хэрэгжүүлэгч, төслийн үр шим хүртэгчид зэрэг бүхий л талын, салбарын хамтран зүтгэгч нарыг түншлэлийн түүхийг гэрэл зургаар өгүүлэх санаачилгад нэгдэхийг Дэлхийн банкнаас урьж байна.

Тодруулж хэлбэл, Дэлхийн банкнаас 30 жилийн ойд зориулсан гэрэл зургийн уралдааныг мэргэжлийн гэрэл зурагчид болон гэрэл зураг сонирхогчдын дунд зарлаж байна. Энд хүн бүр нээлттэй оролцож,  Монгол Улс Дэлхийн банкны гишүүн орон болсон өнгөрсөн хугацааны үйл явдал, хэрэгжсэн төслүүдийн үйл явц, үр дүнг харуулсан түүхэн агшныг гэрэл зурагт буулган үлдээсэн баримтат гэрэл зургийн төрлөөр бүтээлээ ирүүлж оролцох боломжтой аж. Уралдаанд ирүүлэх бүтээл нь аль болох төслийн ашиг шим хүртэгчид болон хамтрагч нарыг харуулсан байвал зохино гэжээ.


Холбоотой мэдээ