Ховдын төв талбайн усан оргилуурыг цэвэр, бохир усны шугамтай холболоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-06-13 16:34:05

Ховд аймаг төв талбайдаа  2009-2011 оны үед   анх Усан оргилуур хийж туршсан юм. Тухайн үед барьсан усан оргилуур ус зайлуулах суваггүй, усны алдагдал ихтэй учраас ажиллуулахгүй байсаар олон жилийн нүүр үзсэн юм.

Ховд аймгийн төв Ард Аюуш, Галданбошигт хааны талбайг хаан, харц ард хоёр зэрэгцсэн талбай гэж сүүлийн үед нэрлэх  болсон юм.

Ховдчууд төв талбайдаа төрөл бүрийн уулзалт арга хэмжээ зохион байгуулах,  ялангуяа залуучууд чөлөөт цагаараа болзож, үдшийн цагаар хүүхдүүд аав,ээжтэйгээ зугаалж цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж, төв талбай хүмүүсийн  ирэх  хамгийн дуртай газар  байдаг.

Ховд аймаг  төв талбайгаа  нутгийн байгалийн чулуу ашиглан шинэчилж, чулууны үйлдвэр эрхэлж байгаа Буянт стандарт компани дээрх усан оргилуурыг талбайн ажилтай хамт гүйцэтгэхээр 4 жилийн өмнө 70,0 сая төгрөгийн тендэрт ялсан юм.

Тус Буянт стандарт компани талбайн ажлыг хуучнаас нь  дордуулж чанаргүй гүйцэтгэж, ажил удаашруулж нэг хэсэгтээ талбайн эмх цэгц алдагдаж, олны шүүмжлэлд өртөж, хэл ам дагуулсаар өдий хүрсэн юм.

Харин одоо сонгууль ирсэнтэй холбоотой ч юмуу Буянт стандарт компани талбайн ажлаа гүйцээж, гэрлэн чимэглэл хийж, усан оргилууртай болгож, аймгийн өнгө төрхийг шинэчилж, энэ зуны өнгө дээр өнгө нэмлээ.

Тус компанийн захирал Б.Гомбочир “ Бид төв талбайгаа засаж, байгалийн чулуугаар солихын зэрэгцээ талбайн орчимд 130 ширхэг гэрэлтүүлэг байрлуулсан. Талбайн төвд байрлах усан оргилуур өмнө нь ус алддаг, ус нь эргэлтэд ордоггүй үмхийрч мууддаг байсныг өөрчилсөн. Одоо ус зайлуулах сувагтай, оргилуурын ус нь бохир, цэвэр шугамтай холбогдсон. Хэвийн ажиллана” гэв. Ховд аймаг төв талбайдаа усан оргилуур ажиллаж эхэллээ.

А.Бямбасүрэн 

 

Холбоотой мэдээ