Африкийн хамгийн том УЦС-ыг ашиглалтад оруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2025-09-10 12:16:48

АДДИС-АБЕБА, 2025 оны есдүгээр сарын 10 /DW/. Африкийн хамгийн том усан цахилгаан станцыг /УЦС/ Этиопт албан ёсоор нээжээ. “Этиопын Их сэргэлтийн далан” (“Сэргэн мандалт” УЦС) хэмээн нэрлэсэн уг станцыг нээх ёслол есдүгээр сарын 9-ний мягмар гарагт Губе хотод болсон байна. Ёслолд Этиопын Ерөнхий сайд Абий Ахмед, мөн Сомали, Жибути, Кени улсуудын Ерөнхийлөгч нар оролцжээ.  


Таван тэрбум ам.доллароор боссон уг станцын барилгын ажил Судантай залгаа хил орчимд Хөх Нил мөрөнд 2011 онд эхэлжээ. Анхны турбиныг 2022 онд ажиллуулснаас хойш далангийн хүчин чадал аажмаар нэмэгдэж, албан ёсоор нээхийн өмнөхөн хамгийн дээд хүчин чадал буюу 5150 МВт-д хүрсэн байна. Ингэснээр уг станц дэлхийн 20 том УЦС-ын нэг болсныг “Reuters” агентлаг онцолжээ.


“Этиопын Их сэргэлтийн далан”-г 120 сая орчим хүн амтай тус улсын цахилгааны эрэлт хэрэгцээг бүрэн хангах зорилгоор бүтээн байгуулсан бөгөөд илүүдэл цахилгааныг хөрш орнуудад экспортлох юм. 14 жилийн хугацаанд хэрэгжсэн уг төслийг Ерөнхий сайд Абий Ахмед “түүхэн амжилт” хэмээн тодорхойлж, Африкийн хувьд «нийтээрээ хүртэх боломж» гэж онцолжээ. 


Харин Нил мөрний адагт оршдог Египет, Судан улсуудын эрх баригчид "уг станцыг ашиглалтад оруулснаар усны хомсдол үүсэж болзошгүй" хэмээн болгоомжилж байна. Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси станцыг барьж, ашиглалтад оруулсныг “бодитойгоор учирч буй аюул” хэмээн тодорхойлоод, усны аюулгүй байдлаа хамгаалахын тулд олон улсын хуулийн дагуу бүх шаардлагатай арга хэмжээг авна гэж мэдэгдсэн байна. 108 сая орчим хүн амтай Египет улс цэвэр усныхаа 90 орчим хувийг Нил мөрнөөс авдаг.


Египетийн Гадаад хэргийн яам УЦС-ыг ашиглалтад оруулсантай холбогдуулан эсэргүүцлээ илэрхийлж, Этиопын эрх баригчдыг олон улсын хууль зөрчсөн хэмээн буруутгасан захидлыг есдүгээр сарын 9-нд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд илгээжээ. Египет, Судан улсууд уг станцын үйл ажиллагааг зохицуулах гэрээг Этиопын талтай байгуулахыг хэд хэдэн удаа оролдсон боловч талууд одоогоор тохиролцоонд хүрээгүй байна.


Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Нил мөрний адагт орших улсуудад ямар нэгэн хохирол учрахгүй гэж Этиопын Ерөнхий сайд мэдэгджээ. “Судан болон Египетийн ах дүүстээ” хандаж Абий Ахмед хэлэхдээ, Этиоп улс энэхүү станцыг “ах дүүстээ хор учруулахын тулд бус харин бүс нутгаа хөгжүүлэх, цахилгаанаар хангах, хар арьстнуудын түүхийг өөрчлөх зорилгоор барьсан» гэж онцлон тэмдэглэсэн байна. 



Холбоотой мэдээ