Он гарснаас хойш зам тээврийн ослоор 37 хүн амиа алджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2021-03-19 16:21:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Он гарснаас хойш 2 сарын хугацаанд Тээврийн цагдаагийн алба /ТЦА/-ны жижүүрийн шуурхай утсанд 6.565 дуудлага, мэдээлэл иржээ. 


ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад О.Зоригоогийн мэдээлснээр, зам тээврийн ослын шинжтэй 2 653 дуудлага, мэдээллийг хүлээн авч, хуулийн дагуу шийдвэрлэсэн байна.  Ослын улмаас улсын хэмжээнд 37 хүний амь нас хохирч, 226 хүн хүнд болон хөнгөн гэмтэж, иргэд болон төрийн, төрийн бус байгууллагуудад 2 тэрбум 738 сая төгрөгний хохирол учруулжээ.  Хохирлын 85 хувь буюу 2 тэрбум 338 сая төгрөгийг нөхөн төлүүлсэн байна. 


"Амь нас нь хохирсон иргэдийн 80 орчим хувь нь орон нутгийн замд, 20 орчим хувь нь нийслэлд бүртгэгдсэн байна. Орон нутгийн замд хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдэл буруу хийх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал хангаагүй зэрэг шалтгааны улмаас осол гаргаж буй"-г тэрээр онцлов.


Түүнчлэн, тээврийн хэрэгслийн арын суудалд суусан иргэд бүс зүүдэггүй, 10 хүртэлх насны хүүхдийг зориулалтын суудалтай хөдөлгөөнд оролцуулдаггүй зэрэг зөрчил нь ослын үеэр иргэд амь насаа алдах эрсдэлд хүргэдэг байна.


Ташрамд дурдахад, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 3 315 хүнийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцжээ. 

Б. Мандуул

Холбоотой мэдээ