Ц.Мөнхбат: Хөгжихийн тулд бид өөрсдөө баялаг бүтээгчид байх ёстой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-03-21 11:40:03
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш 100 дахь өдрөөрөө хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлангаа иргэдэд танилцууллаа. 


-Үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш 100 өдөр болж, хэрэгжүүлсэн голлох ажлуудаасаа танилцуулна уу?

-Ажлаа хүлээж аваад 100 өдрийг үджээ. Юуны түрүүнд Дундговь аймагт үйл ажиллагаа явуулдаг бүх төрийн болон бусад  байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай газар дээр очиж танилцан, тэнд ажиллаж байгаа албан хаагчидтай уулзаж санал хүсэлтийг нь сонсох, орчин нөхцөлийг нь судлах зэрэг ажлаар гараагаа эхэлсэн. Олон хүнтэй уулзаж, олон иргэний санал бодлыг сонсон, нөхцөл байдлыг тандаж, зав чөлөө багатай л ажиллалаа.

Төр, иргэний харилцааг ойлгож, цаашид юу чухал болохыг тодорхойлохыг хичээж, юу хийвэл ард иргэдийнхээ амьдрал ахуйг дээшлүүлж, аймаг орон нутгаа хөгжүүлэх вэ гэдэг дээр санал бодлоо солилцлоо.

Нийгмийн энэ асуудалд “иргэдийн оролцоо” хамгийн чухал болохыг ойлгосны дүнд 2021 оны нэгдүгээр сарын ажлын эхний өдөр “Орон нутгийн хөгжилд- Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх" зорилготойгоор 01 тоот захирамжаа гаргасан. Шийдвэр гаргаад орхисонгүй, долоо хоног бүрийн бямба гаргийг иргэдийг тогтмол хүлээн авч уулзах өдөр болгож, энэ хугацаанд найман удаагийн уулзалтаар 100 гаруй иргэнтэй санал солилцлоо.

Иргэд янз бүрийн л асуудлаар уулздаг. Хувийн асуудлаар уулзана, ямар нэг зүйл хийх санаагаа дэмжүүлэхийн тулд уулзана, аймаг, орон нутгийнхаа төлөө санаа зовсон хүмүүс ч уулзана. Мэдээж асуудал байгаа учраас л тэд уулзаж байгаа, цаашдаа хөгжлийн асуудал ярьж уулздаг хүмүүс олон болно гэдэгт итгэлтэй байгаа.

Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, аж ахуйн нэгжийн төлөөлөл 40 гаруй эмэгтэйг оролцуулан “Орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо ба нөлөөлөл” сэдэвт уулзалт ярилцлагыг зохион байгуулж, эмэгтэйчүүдийнхээ санал бодлыг сонслоо. Хамтран ажиллах талаар ярилцсан. Цаашид салбар бүрээр уулзалт ярилцлага зохион байгуулахаар төлөвлөж байна.

-Энэ оны хоёр дахь захирамжаар бизнес эрхлэгчдийг дэмжинэ гэдгээ зарласан. Энэ чиглэлээр ажлын хэсэг томилоод ажиллаж байгаа. Бизнес эрхлэгчдийг хэрхэн бодитойгоор дэмжих вэ?

-Энэ нутагт аж төрж, амьдарч байгаа суугуул иргэд гэлтгүй энэ нутгаар овоглодог хүн бүхэн Дундговь аймгаа хөгжөөсэй гэж хүсч байгаа. Хөгжихийн тулд бид өөрсдөө “баялаг бүтээгчид” байх ёстой гэж боддог. Тиймээс 02 тоот захирамжаар 2021 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил" болгон зарлаж, шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.

Бизнесийнхэн маань ч олон удаа санал гаргасан. Бизнес эрхлэгчдийн хувьд тулгамдаж байгаа гол асуудал бол ажлын байргүй, түрээсийн төлбөр өндөр, ажиллах хүчний дутагдалтай байгаа талаар  асуудал ярьдаг.

Тиймээс МСҮТ-ийн хуучин барилгыг Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн ажлын байраар хангах,  боломжийг нь нэмэгдүүлэх зорилгоор “Бизнес эрхлэгчдийг дэмжих  төв болгон ашиглахаар төлөвлөлт, судалгааны ажлыг хийж байна. Энэ байшинг ашиглаагүй нэлээд хэдэн жил болчихсон учраас их засвар хийх шаардлагатай. Засвар хийхэд их зардал гарахаар байгаа. Бид энэ зардлыг хэрхэн босгох, засвараа ямар байдлаар хийх талаар ярилцаж байна.

Бизнес эрхлэгчдийг дэмжих жилийн ажлыг зохион байгуулах ажлын баг томилсон. Энэ ажлын баг хуралдаж, бизнесийн орчин, өнөөгийн байдлыг тодорхойлох судалгаа хийж байна. Цаашдаа үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүнийг сурталчлах, олноор үйлдвэрлэх тогтолцоог бүрдүүлэх, том зах зээлд гарахад нь туслах гэх мэт тэднийг дэмжиж хамтран ажиллах олон ажил байна.  

-Та дөнгөж ажлаа авсны дараагаар байгууллага, аж ахуйн нэгжүүдээр орж, ажил байдал, орчин нөхцөлтэй нь танилцлаа гэж дээр хэллээ. Ингэж байгууллагуудаар орохын ач холбогдол юунд байв, уулзалт хийгээд мэдээллийг нь авч болох л байсан байх?

-Төрийн ажил заавал байшин дотор өрнөх албагүй шүү дээ. Би Засаг дарга болчихсон, та нар ирж танилцуулах ёстой гээд суугаад байвал иргэдийн шүүмжилдэг “хүнд суртал” гэдэг чинь бодитой болно биз дээ. Энэ нь өөрөө миний зарчимд нийцэхгүй байгаа юм.

Төрийн болон төрийн өмчит 30 орчим байгууллага, зарим томоохон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан. Байгууллагуудын дарга нарын ярихыг сонсоод төсөөлөх нэг өөр, очиж нүдээрээ хараад өөрөө дүгнэж, цэгнэж, ойлгох нэг өөр. Тиймээс цаг гаргаж, байгууллагуудаар орж, сумдаараа явсан.

Сумдад ажилласан мониторингийн багийг ахлан сумдад ажиллаж байгаа төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай нь ч танилцсан.

Ингээд явахаар хэлмээр, өөрчилмөөр, сайжруулмаар олон зүйлийг олж харж, байгууллага бүр дээр зөвлөгөө, зөвлөмж, чиглэл өгч явсан. Төрийн үйлчилгээ чухамдаа иргэддээ хэрхэн хүрч байдгийг ингэж явснаар л ойлгож мэдэж авч байгаа юм.

Мөн дулаан хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Дундговь Ус” ОНӨҮГ, “Ган илч” ХХК, “Тэвшийн говь” ХХК зэрэг байгууллагын төлөөллүүдтэй уулзаж, дулаан хангамжийн өнөөгийн нөхцөл байдалтай танилцсан. Иргэдээ дулаан, тав тухтай амьдруулахын төлөө, ажиллуулахын төлөө бид хамтран ажиллах ёстой. Тиймээс аж ахуйн нэгжүүд, айл өрхүүдийг тасралтгүй дулаанаар ханган, доголдуулахгүй байх талаар санал солилцож, халаалтын зууханд хяналт тавих ажлын баг байгуулсан.

-Энэ жил хүндхэн жил болж байна. Манай аймгийн хувьд өвөлжилт хүндэрч, ихэнх малчид отроор өөр аймгийн нутагт өвөлжин, улс орон даяар цар тахалтай тэмцэж, бизнесийн байгууллагууд ажиллахгүй, иргэдийн орлого буурч байна. Энэ хүндхэн нөхцөл байдалд хэрхэн ажиллаж байна вэ?

-Өнгөрсөн зун бороо хур муутай байсан тул манай аймгийн баруун талын хэдэн сум нутагтаа өвөлжих боломжгүй болсон. Зүүн талын зарим сум ч хэцүүхэн. Тиймээс 1424 өрхийн 1,0 сая шахам мал 12 аймгийн нутагт өвөлжиж, хаваржиж байна.

Бусад аймгийн нутагт өвөлжих малчдад бас бэрхшээлтэй. Тиймээс долоон ажлын баг томилж, отрын аймгуудын удирдлагуудтай уулзан гэрээ байгуулах мөн отроор өвөлжиж байгаа малчидтайгаа уулзаж тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, дэмжлэг үзүүлэх ажлыг хэрэгжүүлсэн.

Нутагтаа үлдсэн малчдын хувьд ч байдал хүнд байна. Хамгийн гол нь мал хоолгүйдэж, малын зүй бус хорогдол гарч байна. Өнгөрсөн хугацаанд сумын болон аймгийн өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлэх, хөнгөлөлттэй үнээр малчдад худалдах зэргээр ажиллаж байна.

Дэлхийн банкны санхүүжилтээр ХХААХҮЯ-наас “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа. Энэ төслийн хүрээнд бүх малчин өрхөд 1800 гаруй тн хүчит тэжээл олгохоор болж, одоо 80 хувийг нь татан авч, малчдад хүргээд байна.

УОК, ЭМЯ-наас гарсан шийдвэрийн дагуу заавар, зкөвлөмжийг хэрэгжүүлж, дэглэм баримтлан цар тахлыг аймаг дотроо алдахгүйн төлөө бид ажиллаж байна. Манай Онцгой комисс, ОБГ, Цагдаа, ЭМГ, эмнэлгүүд гээд мэргэжлийн байгууллагуудын ажилтнууд гарсан шийдвэрүүдийг хэрэгжүүлж, хүн ардынхаа төлөө зүтгэж цаг наргүй ажиллаж  байгаа.  Энэ боломжийг ашиглаад цар тахлын эсрэг тэмцэж онцгой нөхцөлд ажиллаж байгаа дээрх мэргэжлийн байгууллагын ажилтан албан хаагчдадаа Дундговь аймгийнхаа нийт ард иргэдийнхээ өмнөөс маш их  баярлалаа гэж хэлмээр байна.  

Тиймээс бид энэ хүмүүсийнхээ ажиллах нөхцөлийг сайжруулахын төлөө байх ёстой гэж боддог. Аймгийн Онцгой комиссоос хяналтын цэгт 24 цагаар жижүүрлэн гадаа зогсож, үүрэг гүйцэтгэдэг алба хаагчдыг хааяа ч гэсэн ороод суух, дулаацах боломжийг бүрдүүлэхийн тулд 45 хүний суудалтай автобусыг Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн.

Иргэддээ үйлчлэх төрийн ажилтнууд маань эрүүл, харилцаа сайтай, ажиллах өндөр чадамжтай, ажиллах орчин нөхцөл нь бүрдэж байж сайн ажиллана гэж боддог. Тиймээс цаашдаа ч ажлын байрны нөхцөлийг сайжруулж ажиллана.

-Дараагийн 100 хоногт ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна, Дундговь аймагт хийж, хэрэгжүүлэх хөгжлийн гол асуудлууд юу байх вэ?

- Мэдээж бид нар хаваржилтыг амжилттай даван гарахын тулд зөв зохион байгуулалт, зөв удирдлагаар хангаж ажиллах хэрэгтэй. Хаваржилт нэлээд хүндхэн болох нь харагдаж байгаа. Малчдадаа бүхий л талаар тусалж дэмжихийг хүсэж байна. Ирэх дөрвөн жилд Дундговь аймгийн ногоон байгууламжийг ихээр нэмэгдүүлэх зорилго тавьж байгаа.

Энэ үйл ажиллагааны хүрээнд аймгийн төвийг дайран өнгөрч байгаа 11 км улсын чанартай автозам дагуу мод тарих ажлыг төлөвлөөд зураг, төсөв, төлөвлөгөө гаргаж байна. Энэ жил улс орны хэмжээнд эдийн засгийн хувьд хүндхэн жил болж байгаа. Тийм учраас орон нутагт төсөвлөсөн хөрөнгө оруулалтыг цаг алдалгүй яаралтай зохион байгуулж, худалдан авах ажиллагааг хуулийн хүрээнд зохион байгуулах шаардлагатай.

Ирэх жил бид аймаг байгуулсны 80 жилийн ойгоо тэмдэглэнэ. Их ойгоо угтаж аймаг орон нутгийнхаа өнгө төрхийг сайжруулах, хог хаягдлыг цэгцлэх гээд бүтээн байгуулалтын олон ажлыг хийж гүйцэтгэнэ.

Удахгүй нийтээрээ цар тахлыг ялан дийлж, тайван аж төрөх сайхан цаг ирнэ. Тэр үед улам илүү их эрч хүчтэй, ажил хэрэгч үйл явдлууд өрнөнө гэдэгт итгэлтэй байгаа. Цаг хугацаа маш хурдан өнгөрдөг. Тиймээс бид цаг нартай уралдан, шаргуу ажиллаж байж л төлөвлөсөн ажлуудаа хэрэгжүүлэх юм. Тиймийн учир баг хамт олноо аль болох шахаж хурдтай ажиллахаар хичээж байна.

-Бид өнгөрсөн долоо хоногт байгалийн хүндхэн сорилттой нүүр туллаа. Маш их хохирол амссан. 

-Бид сая маш том сургамж авлаа. Байгалиасаа хараат амьдардаг бид чинь илүү болгоомжтой байж, ямар нэг аюул тохиоход бэлэн байх тэр чадамжаа нэмэгдүүлэх ёстой юм байна гэдгээ дахин нэг ойлголоо.

Байгаль цаг агаарын аюулт гамшигт үзэгдэл болохыг зарлаж байхад түүнийг хүлээж аваад, зөв хариу үйлдэл үзүүлж, эрсдэлийг даван туулах ёстой юм. Гэхдээ энэ удаагийн гамшигт үзэгдэл бол урьд өмнө үзэгдэж байгаагүй тийм айхтар, хэн хүний санаанд оромгүй явдал боллоо. Бид есөн иргэнийхээ амийг шуурганд алдлаа, 100 гаруй айл өрх орон гэргүй боллоо, маш их хэмжээний хохирол амслаа. Энэ хохирлыг багасгах талаар боломжтой бүхий л хариу арга хэмжээг авч ажиллаж байна.

Энэ цар тахал ч ялгаагүй. Хэдхэн дэглэмийг л сахиж чадвал бид энэ өвчнийг тусахгүй байж болж байна. Амны хаалтаа зүү, гараа ариутга, зайгаа барь, өөрөө өөртөө, гэр бүлдээ хайртай байж, хууль, журмыг сахь. Хувь хүнээс багахан л хариуцлага шаардаж байна.

Иргэд минь эрүүл байж, гэр бүлээ хайрлаж, анхаарал болгоомжтой, иргэний өндөр хариуцлагатай байж чадвал бид их зүйлийг хамтдаа хийж, аймаг, сум, орон нутгаа хөгжүүлнэ. Тиймээс хариуцлагаа өндөр хэмжээнд байлгаарай гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.  

Холбоотой мэдээ