Монгол Улсад 747 хүүхэд коронавирусний халдвар авчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-оос хөл хорио тогтоохгүйгээр, Өндөржүүлсэн бэлэн байдлын гуравдугаар зэрэг буюу "Улбар шар" түвшинд шилжсэн хугацааг дөрөвдүгээр сарын 5 хүртэл сунгахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэртэй холбогдуулан Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Монгол Улсад ноднин 11 дүгээр сарын 10-нд коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар тархалтын тоо эрчимтэй нэмэгдэж байна. Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд хэрэгжүүлсэн арга хэмжээг хэр оновчтой байсан гэж үзэж байна вэ?
-С.Энхболд: Өнгөрсөн хугацаанд гурван удаа хөл хорио тогтоох арга хэмжээ авсан. Хэрэв хөл хорио тогтоогоогүй байсан бол халдварын тохиолдол өнөөдөр өдөрт 4-5 мянгаар нэмэгдэх байсан. Хөл хорио нь халдвар тархах эрчмийг сааруулдаг цар тахлын үеийн нэг арга хэмжээ.
"Нэг хаалга-нэг шинжилгээ" аянаар далд байсан 36 голомт, 219 тохиолдлыг илрүүлсэн. Ингэснээр, тархалтыг тодорхой хэмжээнд хумьж, дархлаажуулах ажлыг эхлүүлэх бэлтгэл хангахад үр дүн авчирсан.
-Ерөнхий сайд хөл хорио тогтоохдоо урьдчилан мэдэгдэхийг чиглэл болгосон. Өмнө нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд хөл хорио тогтоохдоо мэдээлэл дутуу хүргэсэн асуудал гарсан?
С.Амарсайхан: Хэсэгчилсэн хөл хорио тогтоохдоо түр журамд заасны дагуу 24 цагийн өмнө иргэдэд мэдээлэхийг шат шатанд үүрэг болгож байгаа. Зарим тохиолдолд ойлголтын зөрүү гарч байгаа тул зохион байгуулалтыг сайжруулах шаардлагатай.
С.Энхболд: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо сүүлийн гурван сард халдварын тохиолдол тогтмол өндөр гарсан. Энэ хороо нь 31 мянган хүн амтай, нягтрал ихтэй. Баянзүрх дүүрэгт 1214 тохиолдол батлагдсаны 400 орчим нь тус хороонд бүртгэгдсэн байна. Тиймээс хэсэгчилсэн хөл хорио тогтоож голомтын өргөжүүлсэн тандалт хийж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Цаашдаа Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, халдвар тархах өндөр эрсдэлтэй Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн зарим хороонд хэсэгчилсэн хөл хорио тогтоож өргөжүүлсэн тандалтын судалгаа хийнэ.
-Өнөөдрийн байдлаар хэдэн хүүхэд коронавирусээр халдварласан бэ?
-С.Энхболд: Дотоодод халдвар бүртгэснээс хойш 747 хүүхэд халдвар авсан байна.
-65-аас дээш насныхныг хэзээ дархлаажуулах вэ?
-С.Энхболд: 65-аас дээш насны иргэдийг ирэх долоо хоногоос вакцинд хамруулна.
-Вакцины нөөц ямар хэмжээнд байгаа вэ. Зарим дархлаажуулах цэгт вакцин дууссан гэсэн зарлал тавьсан байна ?
-С.Амарсайхан: Вакцины нөөц дуусаагүй. Өнөөдрийн байдлаар 223 мянган хүнийг дархлаажуулсан. Үлдсэн 240 мянган тун вакцины нөөц байна. Дараагийн татан авалт залгаж ирнэ. Дархлаажуулах ажлыг саад бэрхшээлгүй, төлөвлөгөөний дагуу явуулахаар тооцож байгаа. Хэрэв биднээс шалтгаалахгүй буюу ханган нийлүүлэгч, үйлдвэрлэгч байгууллагад саад гарч хойшлох асуудал гарахгүй бол төлөвлөгөөгөөр явна. Дараагийн вакцинаа дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт татан авна.