Н.Бямбаа: Хүүхдийн насанд тохирсон шүд цэвэрлэгээний бүтээгдэхүүн хэрэглэж хэвших нь чухал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-03-24 13:23:20

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Амбулаторийн тасгийн нүүр, амны мэс заслын их эмч Н.Бямбаатай уулзаж, амны хөндийн эрүүл мэндийг хэрхэн хамгаалах талаар тодрууллаа.


Тэрбээр хэлэхдээ: "Сүүлийн үед бага насны хүүхдийн шүд цооролт нэмэгдэх хандлагатай байгаа. Дунджаар нэг хүүхдийн 6-7 шүд цооролтой байна. Энэ нь амны хөндийн эрүүл мэндийг сахихгүй байх, хоол, хүнсний бүтээгдэхүүний буруу хэрэглээнээс үүдэлтэй.

Мөн зөв угаагаагүй, арчилгаа хангалтгүй байгаа тохиолдолд шүд цоорох өвчлөл үүсдэг. Нялх хүүхдийн амыг буцалсан усаар цэвэрлэж дасгасны дараа аажмаар насанд нь тохирсон сойз, оо хэрэглүүлж, цэвэрлэх хэрэгтэй юм. Ингэхдээ хүүхдийг томрох тусам насны ангилалд нь тохирсон шүд цэвэрлэгээний бүтээгдэхүүн хэрэглэж хэвших нь зүйтэй.

Зарим тохиолдолд хүүхэд өөрөө сойзоо барьж, шүдээ угаадаг боловч тэр бүр хангалттай сайн угааж чаддаггүй. Тийм учраас зургаа хүртэлх насны хүүхдийн шүдийг эцэг эх нь заавал угааж өгөх хэрэгтэй. Мөн өөрөө бие дааж шүдээ угаах чадвартай болсон ч гэсэн угаалтыг шалгаж, шаардлагатай бол өөрсдөө дахин угааж өгөх учиртай юм.

Амны хөндий нь чийгтэй, бактер үржих таатай орчин. Эрүүл хүний амны хөндийд дунджаар 5-6 тэрбум бактер амьдардаг. Шүд угаалт дутуу байснаас өнгөр үүснэ. Өнгөрийг гүйцэд угаахгүй бол өнгөрт шүдний цоорол үүсгэдэг бактер сууж, тухайн бактер хүчил үүсгэн пааланг уусгаж, бидний мэддэгээр цоорол үүсдэг. Мөн жирэмсэн үeийн амны хөндийн эрүүл ахуй маш чухал. 

Амны хөндийн эрүүл мэндийг хангах нь ерөнхий биеийн эрүүл мэндэд маш чухал ач холбогдолтой. ”Шүд эрүүл бол бие эрүүл” гэж ярьдаг шүү дээ. Шүд, нүүр амны өвчлөл нь ерөнхий биеийн 200 гаруй суурь өвчлөлийн шалтгаан болдог. Ялангуяа чих, хамар, хоолой, хоол боловсруулах эрхтэн, зүрх судас болон амьсгалын замын бүхий л өвчлөлийн шалтгаан болж байна. Түүнчлэн шүдний өвчлөлийг эмчлэхгүйгээр удаан хугацаагаар явсан тохиолдолд аминд ч хүрэх аюултай. Монгол Улсад жилд дунджаар шүдний цооролын хүндрэлээс шалтгаалж 20-30 хүн эрүүгээ тайруулж, 5-6 хүн нас барж байна гэх судалгаа бий. Энэ бол маш харамсалтай тоо юм. Бас цооролтой шүдтэй хүүхэд болон эрүүл хүүхдийн эрүүл мэндийн eрөнхий индeкс асар зөрүүтэй байдаг нь сүүлийн судалгаагаар нотлогдсон байдаг.

Ер нь бүх насныхан шүдний өвчлөлтэй байдаг. Ялангуяа хүүхдүүд их байна. Монгол Улсын дундаж цоорлын тархалт 85-91 хувь байна. Мөн Ховд аймгийн хувьд ч улсын дундажтай адил маш өндөр буй.

Шүдний цоорол хэзээ, хэрхэн эхэлснээс шалтгаалан өвчлөл өөр өөр байдаг. Мөн цоорлын явцаас шалтгаалан зовуурь өөр өөр байдаг. Зарим шүд гаднаа эрүүл мэт боловч нүдэнд харагдахааргүй бичил цооролтой, дотор эдэд маш том цоорол үүсэх тохиолдол байна. Шүдний өвчлөл байгаа эсэхээ мэргэжлийн шүдний эмчид үзүүлснээр мэднэ. Тиймээс иргэн бүр жилд хоёр ба түүнээс дээш удаа шүдний эмчид үзүүлж, зөвлөгөө авч байх хэрэгтэй.

Шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд хоол идсэнээс нэг цагийн дараа шүдээ угаах, мөн өөрийгөө хянах зэргээр зөв дадал хэвшүүлэх учиртай. Хүн бүр эмчийн үзлэгт тогтмол хамрагдаж, шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийлгэх, амны хөндийн эрүүл ахуйг сайтар сахих, шүд арчилгааны бүтээгдэхүүнийг зөв сонгон хэрэглэх нь чухал юм. Үүнийг хэвшүүлж чадвал шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлж чадна. Амны хөндийг бүрэн эрүүлжүүлсэн боловч шүд угаалт, арчилгаа хангалтгүй байвал шүд цоорох өвчлөл дахин үүсдэг. Мөн буруу хооллолт, гурилан ба чихэрлэг зүйлс их хэрэглэх, хатуулаг хүнсний бүтээгдэхүүн бага хэрэглэж байгаа зэрэг нь шүдний гажгийг үүсгэж байна.

Намайг хүүхэд байхад эцэг эхчүүд ааруул, цагаан идээ нэлээд хэрэглэж байсан. Одоо сүү, сүүн бүтээгдэхүүн тогтмол хэрэглэж байгаа хүүхэд ховор байх шиг.

Мөн шүдээ хооронд нь хавирах, хуруугаа хөхөх нь сөргөөр нөлөөлдөг. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдийнхээ амны хөндийн эрүүл ахуйд анхаарах ёстой. Гурилан болон чихэрлэг бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзаж байгаарай гэж зөвлөж байна. Хүүхдүүд сүүлийн үед резинэн, шүдэнд наалдамхай чихэр их идэж байгаа нь шүдний өвчлөлийн гол шалтгаан болоод байна. Мөн насанд хүрэгчид тамхинаас татгалзах нь чухал. Тамхи татсаны дараа амаа угаахгүй байх нь шүдэнд өнгөр үүсгэж, улмаар чулуужилт үүсгэдэг. Шүдний чулуугаа түүлгээгүй удах, эсвэл түүлгэсний дараа шүднүүд суларч унаж эхэлдэг тул энэхүү хорт зуршлаас татгалзах хэрэгтэй" гэж зөвлөлөө.  

Холбоотой мэдээ