В.Үнэнбат: Үрийг зээлээр олгохгүй, тариаланчид мөнгөө төлөөд авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-03-25 16:48:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ энэ онд хүнсний ногооны тариалалтыг 30 хүртэл хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн талаар тус яамны  Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбатаас тодруулжээ


-“Өрийн тариалан” хөдөлгөөн өрнүүлж, тариаланчдад үрээр дэмжлэг үзүүлэх болсон талаар тодорхой мэдээлэл өгөөч?

-“Өрхийн тариалан” хөдөлгөөн өрнүүлж, энэ хавар урьдчилсан тооцоогоор 10.5 мянган өрхөд хөнгөлөлттэй үнээр үр олгоно. Нийт 2.4 тэрбум төгрөгийн хүнсний ногооны үр авч, тариаланч, ногоочдодоо хөнгөлөлттэй үнээр өгөх юм. Хүнсний ногооны тухайд сонгино, саримс, байцайны дотоодын зах зээлийн хэрэгцээг хангаж чадахгүй байгаа тул үрийг нь арай илүү авч тариаланчдад өгөхөөр төлөвлөсөн.


-Нийт 147.5 тонн үрээр дэмжлэг үзүүлэх юм билээ. Арван нэр төрлийн үр дотор сая дурдсанаас гадна, өргөст хэмх, улаан лооль гэх нарийн ногооны үр багтсан биз дээ?

-Мэдээж байгаа. Гэхдээ сонгино, сармис, байцайны үрийг түлхүү олгоно. Хүлэмжийн ногооны үр бага хэмжээтэй байх юм. Хүлэмжийн аж ахуй эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдэд тодорхой хэмжээнд үр нийлүүлэхээр төлөвлөсөн байгаа. 


-Ямар сортын үр сонгож байгаа вэ?

-Нутагшсан буюу ирээдүйтэй сортын үрийг тариаланч, ногоочдод нийлүүлнэ. ХХААХҮЯ-нд сорт сорилтын зөвлөл бий. Зөвлөлөөс гэрчилгээ авсан сортын үрийг л авна. Мөн нутагшсан сорттой дүйцэхүйц үрийг ч авахаар төлөвлөж, тендер зарласан. Шалгарсан аж ахуйн нэгж нь хуулийн хүрээнд шаардлага хангасан үр нийлүүлнэ. Сонгины үр гэхээр төл сонгино нийлүүлнэ гэсэн үг юм. Тэгэхээр тухайн компани, аж ахуйн нэгж шаардлага хангасан ямар сортын үр авахаа шийднэ шүү дээ. Тендерт шалгарсан аж ахуйн нэгжүүд нутагшсан болон түүнтэй дүйцэхүйц, гэрчилгээ авсан сортын үрийг л журмын дагуу нийлүүлнэ.


-Тариаланч, ногоочдод хөнгөлөлттэй үнээр олгох үрийг хэзээ өгөх вэ. Үндсэндээ хаврын тариалалт бараг эхэлчихлээ гээд зарим тариаланч яарч байна?

-Хугацаагаа тооцож тендерээ зарласан. Дөрөвдүгээр сарын эхээр тендер задарч, аж ахуйн нэгж нь шалгарна. Мөн сардаа багтаад үрээ нийлүүлнэ. Хамгийн гол нь тариалалтын хугацаагаа тооцсон учир төл сонгино авч байгаа хэрэг. Бусад үрийг ч гэсэн тариалах хугацааг тооцож, худалдан авах ажиллагаа, тендерээ зарласан. 


-10.4 мянган өрх гэдэг тоог нийлүүлэх үрийнхээ хэмжээнд тооцож гаргасан уу. Эсвэл тариа, ногоо тарьж байгаа өрхийн тоо юу?

-Улаанбаатар хотын болон аймгуудын ХААГ-аас авсан судалгаа, мэдээлэлд үндэслэж гаргасан тоо юм. Үрийн захиалга өгсөн аж ахуйн нэгж, иргэдийн тоо мэдээлэлд үндэслэсэн. 


-Нэг өрх, аж ахуйн нэгжид дээд тал нь төдөн кг үр хөнгөлөлттэй үнээр зарна гэсэн журам гаргах уу. Эсвэл тариалалтынх нь хэмжээнд нийцүүлээд олгох уу?

-Газрынх нь гэрчилгээг үзнэ. Ямар хэмжээний талбайд тариалалт хийх боломжтой гэдэг нь харагдана шүү дээ. Сонгино, сармис гэх мэт нарийн ногоог усалгаатай талбайд тарина. Усалгаагаа шийдсэн эсэхийг тодорхой хэмжээнд харж, шалгана. Ингэснээр тухайн иргэн, аж ахуйн нэгжид хэдий хэмжээний үр зарах вэ гэдгийг тогтооно. Дотоодын тариалалтыг 20-30 хувиар нэмэгдүүлэх зорилгодоо хүрэхийн төлөө ажиллаж байна. 


-Хөнгөлөлттэй үнэ гэхээр зах зээлийн ханшаас хэдэн хувиар хямд байх вэ. Тэр талаар мэдээлэл өгөөч?

-Одоохондоо шууд үнэ хэлэх боломжгүй. ХХААХҮ-ийн сайдын тушаал гарсны дараа тооцооллоо гаргана. Хэдэн төгрөгөөр нийлүүлбэл болохыг тооцож, хөнгөлөлттэй үнэ тогтооно.


-Үрийг тариаланч, ногоочдод яаж хүргэх вэ. Нэгдсэн журмаар зохион байгуулах байх...?

-ХХААХҮЯ-наас хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөр Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжин хэрэгждэг. Хөнгөлөлттэй үнээр худалдах учир ХААДС-гаар дамжуулж худалдана. Аймгуудын ХААГ-т урьдчилсан байдлаар захиалгаа нэгтгэж байна. Үүний дараа ямар журмаар олгохоо шийдэх юм. Гэхдээ Сүхбаатар аймгийн тариаланчид нэг нэгээрээ Улаанбаатар хотод ирээд, хэдхэн кг үр авахын төлөө наашаа, цаашаа яваад байх хэцүү. Иймд аймгуудын ХХААГ-ыг зохион байгуулалтад орж ажилла гэсэн чиглэл өгч байгаа. 


-Үр авахын тулд ямар нэг шалгуур хангах ёстой юу?

-Тариаланч, ногоочдод үрийг зээлээ өгөхгүй учир олон янзын шалгуур байхгүй. Үр авах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж мөнгөөрөө худалдаж авна. Гол нь хөнгөлөлттэй үнээр авах гэдгээрээ л тариаланчдад давуу тал болох юм.  

Холбоотой мэдээ