Төрийн нарийн бичгийн дарга нарын Цэрэг-стратегийн бэлтгэл сургалт болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-03-26 14:54:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дайчилгааны тухай болон Цэргийн албаны тухай хуульд заасны дагуу яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын “Цэрэг-стратегийн бэлтгэл” сургалтыг Батлан хамгаалах яам 3 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгуулж байна.


Тус сургалтад шинээр томилогдсон Төрийн нарийн бичгийн дарга нарт анх удаа оролцох бөгөөд Батлан хамгаалахын шинэ эрх зүйн орчинд болж байгаагаараа онцлогтой. “Цэрэг-стратегийн бэлтгэл” сургалт нь 2003 оноос хойш уламжлал болон зохион байгуулагдаж байгаа бөгөөд батлан хамгаалах бодлого, зорилтыг хэрэгжүүлэх, Төрийн нарийн бичгийн дарга нарыг Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний талаар шинэ мэдээ, мэдээллээр хангадгаараа чухал ач холбогдолтой  юм.


Сургалтын нээлтэд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар болон БХЯ-ны СБТГ-ын дарга хурандаа С.Ганбямба, ТЗУГ-ын дарга, хурандаа Ч.Гандирваа нар оролцлоо.


Батлан хамгаалахын сайд сургалтыг нээж хэлсэн үгэндээ, “Шинээр болон шинэчлэн батлагдсан Батлан хамгаалах хууль, тогтоомжууд, ялангуяа Орон нутгийн хамгаалалтын тухай болон Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд батлагдан гарсантай холбогдуулан нэлээдгүй дүрэм, журмыг шинээр болон шинэчлэн боловсруулж төрийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүргийг нарийвчлан тогтоох юм. Тиймээс энэ удаагийн Төрийн нарийн бичгийн дарга нарт явуулах “Цэрэг-стратегийн бэлтгэл” сургалт нь төрийн батлан хамгаалах үйлчилгээг иргэдэд хүргэхэд ихээхэн дэмжлэг болно” хэмээн онцолж, сургалтад оролцогсдод амжилт хүслээ.


Сургалтаар Монгол Улсын аюулгүй байдал, аюулгүй байдлын орчинд гарч буй өөрчлөлтүүд, батлан хамгаалах бодлого, эрх зүйн шинэчлэлт, Зэвсэгт хүчний гүйцэтгэх үүрэг, шинэчлэлтийн талаар болон төрийн батлан хамгаалах үйлчилгээг иргэдэд хүргэх зэрэг олон чухал сургалт багтаж байгаа юм байна.

Холбоотой мэдээ