Яагаад “дашрамд” биш, “ташрамд” вэ?

ЛАВЛАГАА
selenge.t@montsame.gov.mn
2021-03-30 11:36:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Хэлний бодлогын үндэсний зөвлөл”-өөс 2018 онд баталсан “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг Монгол Улсын нийт иргэн, тус улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй гадаадын бүх байгууллага дагаж мөрдөх үүрэгтэй.


Иймээс “МОНЦАМЭ” агентлаг олон нийтийн эх хэлний боловсролд зориулан олон жил маргаантай, янз янзаар бичиж ирсэн, түгээмэл хэрэглэдэг үгсийг уг тольд ямар зарчмаар журамласныг товч тайлбартайгаар толилуулж эхэллээ.

 

1.Ташрамд, дашрамд гэж хоёр янзаар бичиж ирсэн үгийг “ташрамд” хэмээн журамлажээ. Ярианы хэлэнд “д”, “т” хоёр гийгүүлэгч сэлгэдэг монгол хэлний өвөрмөц зүй тогтол байдаг тул ийнхүү хоёр янзаар ярьж, хэлж болдог байна.


Харин үгийн бүтцийн хувьд, “ташир” гэдэг давхар, зэрэгцээ гэсэн утга илэрхийлдэг үгэнд “-м" дагавар,  өгөх оршихын тийн ялгалын “-д” нөхцөлийг тус тус залгаж бүтжээ. "Ташир" үндэснээс “таширла” гэх мөн л зэрэгцэх, давхарлах гэсэн утгатай үг үүссэн байдаг. “Гэр ташлан барих” гэвэл гэр зэрэгцүүлэн барих гэсэн утгатай. Харин далимдах, далимдуулах гэсэн утгатай “дашир” гэдэг үйл үндэс байхгүй аж.


Иймээс гол зүйлээ өгүүлээд, зэрэгцүүлэн өөр нэг санааг дурдахдаа “ташрамд дурдах, ташрамд өгүүлэх, ташрамд хэлэх” гэсэн холбоос үгийг бичдэг байна.

Холбоотой мэдээ