Францад терроризмын шинжтэй халдлага гарчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМПАРИС. /ВВС/. Францын баруун хойд нутагт хутгаар зэвсэглэсэн нэгэн этгээд цагдаагийн хоёр ажилтныг хөнөөжээ. Энэ хэргийг тус улсын холбогдох албаны хүмүүс терроризмын шинжтэй гэмт хэрэг гэж үзэж байна.
Халдлага Парис хотоос баруун зүгт 50 орчим км зайтай Магнанвилле хотод өнгөрсөн даваа гарагийн орой болжээ.
Цагдаа нар мэдэгдэхдээ “сэжигтэн этгээд гудамжинд цагдаагийн нэгэн албан хаагчийг хутгалан хөнөөж, хохирогчийн гэрт нуугдсан. Аюулаас хамгаалах хүчнийхэн байшин руу дайран орж, гэмт этгээдийг устгасан” гэв. Цагдаагийн гэрт түүнтэй хамтран үүрэг гүйцэтгэдэг байсан ажилтны цогцос олджээ.
Прокурорууд хэлэхдээ “сэжигтэн болох 25 настай Ларосси Аббалла нь Францад төрсөн, хэт давруу үзлийг баримталдаг түүнийг аюулаас хамгаалах хүчнийхэн хяналтдаа байлгаж байсан” гэжээ.
Аббалла “Лалын улс”-ын толгойлогчид үнэнч зүтгэхээ тангараглаж байсан гэх мэдээлэл байна.
Цагдаагийн ажилтнуудыг хөнөөсөн уг халдлагыг Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд зэмлэн буруушаагаад “энэ бол террорист халдлага гэдэг нь ямар ч эргэлзээгүй” гэлээ.
Г.Доржханд