Гурвансайханы эмнэлэг утасгүй оношлогооны зөөврийн аппараттай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-06-15 10:16:21

Хүн амын эрүүл мэндийн үзлэг оношлогоог явуулаар хийх боломж Дундговь аймгийн Гурвансайхан сумын  эмнэлэгт бүрдсэн байна.

Эрүүл мэнд, Спортын яам Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, “Пиллин Нийд” Чехийн Олон улсын байгуулага болон Каритас Олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр  “Явуулын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах” төслийг 12 аймгийн тус бүр нэг суманд хэрэгжүүлж байгаа бөгөөд Дундговь аймгийн хувьд Гурвансайхан сумын Эрүүл мэндийн төв энэ төсөлд хамрагджээ.

Төсөлд хамрагдсан сумдын Эрүүл мэндийн төвд утасгүй оношлогоо бүхий зөөврийн тоног төхөөрөмжийн багц өгсөн байна. Энэхүү багцад ухаалаг таблет утсаар дэмжиж ажилладаг зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, эхо сканнер, цусны даралт хэмжигч, Samsung Galaxy загварын таблет, зориулалтын цүнх багтжээ.

Гурвансайхан сумын Эрүүл мэндийн төв 2100 гаруй иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэдэг. Байгаль цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан малчид холын оторт олноор гардаг, тэр бүр эрүүл мэндийн үзлэг оношлогоонд ороод байж чаддаггүй байна. Тэгж алслагдан аж төрж буй иргэдээ зонхилон тохиолддог өвчний эрт илрүүлэг үзлэгт хамруулахад зөөврийн үзлэг оношлогоо нь илүү давуу талтай болно гэж ЭМТ-ийн их эмч Н. Адъяасүрэн хэллээ.

“Манай сумын хувьд хүн амд зонхилон тохиолддог өвчний эрт илрүүлэг жилд дөнгөж 30- аадхан хувьтай байдаг. Одоо бид давуу талаа ашиглаад эрт илрүүлгийн хамрагдалтыг үүнээс илүү сайжруулах боломжтой боллоо. Зөөврийн аппаратад хүний оношлогооны зураг хадгалагддаг учраас тухайн хүн дараагийн шатлалын эмнэлэгт үзүүлэх үед нь зургийг эмнэлэг рүү илгээж явуулах боломж ч бий боллоо” гэв.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ