Д.Отгонбаяр: Аялал жуулчлалын салбар “тэг” зогссон ч цар тахлын дараа "тэсрэх" магадлалтай

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
oyundelger@montsame.gov.mn
2021-03-31 13:13:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий дахиныг хамарсан коронавируст цар тахлын сөрөг нөлөө аялал жуулчлалын салбарт хамгийн хүндээр нөлөөлж байгаа. Энэ салбарын нөхцөл байдал, ирээдүйн хөгжлийн чиг хандлагын талаар Монголын Аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяртай ярилцлаа. Тэрээр, энэ хүнд цаг үед аялал жуулчлалын салбар “тэг” зогсоод байгаа ч цар тахлын дараа “тэсрэх” ч магадлалтай гэсэн өөдрөг сэтгэгдэлтэй байна.


-Монголын аялал жуулчлалын салбар цар тахлын өмнө ямар амжилттай байв. Хамгийн олон жуулчныг хүлээж авсан тухай мэдээлж байсан шүү дээ?

-Монгол Улс аялал жуулчлалын салбарыг хөгжүүлээд 60 гаруй жил боллоо. Одоогийн “Жуулчин” компанийг социализмын үед Гадаадын жуулчдад үйлчлэх газар нэрээр байгуулсан. Тэр цагаас аялал жуулчлал улсын онцлох гурван салбарын нэг болтлоо хөгжиж ирэв. Өнгөрсөн хугацаанд хамгийн олон буюу 577 мянган жуулчинг 2019 онд хүлээн авсан. Гэхдээ "чанартай" жуулчин чухам хэд байсан нь эргэлзээтэй. 2020 онд энэ тоогоо 20 хувиар нэмэгдүүлнэ гэж зорьсон ч цар тахал хүнд байдалд оруулчихлаа шүү дээ. Нөхцөл байдал дээрдэнэ гэж төсөөлсөн ч бүтэн жил гаруй ”тэг” зогслоо.


-Цар тахал энэ ондоо ч үргэлжлэх нь. Та бүхэн салбарын нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Ерөнхий сайд өнгөрсөн сард бидэнтэй уулзсан. Тавдугаар сарын нэгнээс хилээ шат дараатай нээнэ гэсэн. Бизнесээ аврах үүднээс төлөвлөсөн аяллын урьдчилгааг буцаах боломжгүй тул 2019 онд ирэхээр төлөвлөсөн жуулчдаа л авахыг зорьж байна даа.


-Захиалгаа өгчихөөд ирж чадаагүй хэчнээн жуулчин байгаа вэ?

-Монгол Улс коронавируст халдварын их эрсдэлтэй орон болчихлоо. Хилээ нээсэн ч жуулчид ирэх эсэх нь эргэлзээтэй. Хүнд байдалд орсон ч захиалгаа авч үлдсэн 100 гаруй компанийг хамруулж түүвэр судалгаа хийсэн. Тэдний мэдээлснээр, 44 мянга гаруй жуулчин Монголд ирэхээр хүлээж байна. Энэ нь хил нээнгүүт бүгд нэг өдөр ороод ирнэ гэсэн үг биш шүү дээ. Нөхцөл байдлаас шалтгаалаад нэмэгдэж хасагдан, шинээр захиалга өгч ч болох юм.


-Халдварын нөхцөл байдлаас шалтгаалаад хэсэгчилсэн хөл хорио тогтоож байгаа. Ийм нөхцөлд жуулчдад зориулсан тусгай зохицуулалт шаардлагатай юм биш үү?

-Үнэхээр, жуулчдыг эрүүл, халдваргүй, аюулгүй аялуулах зохицуулалт хэрэгтэй. Мэргэжлийн байгууллагууд цар тахлын үед баримтлах журам гаргасан ч аялал жуулчлалын салбарт зориулагдаагүй. Тиймээс түншүүд энэ тухай асуухад бид юу хэлэхээ мэдэхгүй юм. Ямар машинаар үйлчлэх, нэг пургонд хэдэн хүн суухаас хамаараад компаниас гарах зардал нэмэгдэнэ. Бас дотоодод үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхийг яаж зохицуулах нь тодорхойгүй. Энэ талаар ГХЯ, УОК-той хамтраад “хөдөлгөөнт карантин” гэсэн журмаар жуулчдаа авах тухай ярилцаж байна. Жуулчдын аялах тогтсон чиглэлийг баталчихвал үйлчилгээ авах үед нь халдвар хамгааллын дэглэм сахиулах боломжтой. Тухайлбал, музейг түр хаагаад зөвхөн жуулчдад сонирхуулах гэх мэт. Үүний тулд Европ, Азийн жуулчдын онцлогт тохирсон хөтөлбөр үнэхээр хэрэгтэй болно.


-Монголд ирэх жуулчдад вакцин хийлгэсэн байх, тодорхой хугацаанд тусгаарлах эсэх асуудал хөндөгдөх үү?

-Вакцин хийлгээд ирсэн жуулчин коронавирус тээгч байх эрсдэлтэй. Мөн халдвар зөөвөрлөгдөн орж ирэх магадлал үнэхээр бий. Үүнд бид өөрсдөө ч хариулж чадахгүй байна.


-Манай улсад ирэхээр захиалгаа өгсөн жуулчид хаагуур аялах сонирхолтой байдаг вэ?

-Жуулчдын ихэнх урсгал нь Баян-Өлгий аймаг. Энэ чиглэлийг тусад нь нэг урсгал болгохыг УОК зөвшөөрөх эсэх нь эргэлзээтэй л байна. УОК-оос зөвхөн Улаанбаатар хот орчимд аяллын чиглэл батална гэвэл бидний төлөвлөгөө бүтэхгүй болчихно. Гурван хөтөлбөр танилцуулаад нэгийг нь ч болтугай батлуулахыг зорьж байна.

Судалгаанаас харахад, жуулчид энэ жил чиглэсэн газрынхаа ойр орчмоор аялахыг илүүд үзэж байна. Гэтэл манай орны хувьд нийслэлээс хол аялуулах хөтөлбөр олон, тиймээс ч үнэтэй болчихдог. Энэ шалтгаанаар манайд ирэх аяллаа цуцлах дүр зураг мөн ажиглагдаж байна л даа.


-Бусад улс орон аялал жуулчлалын салбараа сэргээх ямар шийдэл гаргаж байна вэ?

-Аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаа маш тодорхой байж, цаг хугацаагаар хэмжигддэг. Жуулчдыг татахын тулд сурталчилгаагаа 2-3 жилийн өмнөөс хийж, төрөл бүрийн үзэсгэлэн, үйл ажиллагаанд оролцдог. Цар тахлын үед энэ нь хэцүү болчихлоо. Олон улсын Аялал жуулчлалын газар өнгөрсөн оны тавдугаар сард журам баталсан. Улс орнууд үүнийг өөрсдийн хөрсөнд буулгаад журам гаргаж байна. Жуулчид ирвэл аль чиглэлд, ямар дүрэм журам баримтлах тухай юм. Манайд байхгүй байгаа нь манай улс эрсдэлийн менежмент муу хийдэгтэй холбоотой гэж үзэж болохоор байна.


-Цар тахлын дараа аялал жуулчлалын салбарын ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?

-Гэгээлэг төсөөлөлтэй байгаа шүү. Тавдугаар сарын нэгэнд хилээ нээнэ гэсэн маркетинг сурталчилгаа хийх хэрэгтэй. 2022 онд жуулчид авахын тулд одооноос бэлтгэж, “тикэт+аялал” хөтөлбөр гаргах, багц үнэтэй аяллаас сонговол “Говь” брэндийн дэлгүүрээр 20 хувийн хямдралтай үйлчлүүлэх урамшуулал зарлах гэхчлэн тус тусдаа биш бүгдээрээ нийлж хамтдаа багц, бүтээгдэхүүн гаргая гэцгээж байгаа. Бүгдээрээ нэгдэн брэнд бүтээгдэхүүн гаргаж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлан хэдхэн жуулчин авахад нэг их хүндрэл байхгүй юм.

Монгол орны байгаль үзэсгэлэнтэй, онгон дагшин. Нүүдлийн өвөрмөц соёлтой, амар амгаланг мэдрэх гайхамшигтай орон. Хөдөө уулын энгэрээр хонь мал хэдэн мянгаараа идээшлээд бэлчдэг орон ховор юм. Энэ бол хамгийн үнэтэй брэнд.

Монгол Улс аялал жуулчлалын салбараа сэргээж, хэвийн байдалд ороход 2024 оноос наашгүй байх. Гэхдээ хүмүүс хөл хорио, хязгаарлалтад удаан байсан тул хил нээнгүүт жуулчдын урсгал огцом ихсэх таамаг ч бий. Ингэвэл 2024 онд үнэхээр аяллын “тэсрэлт” болох магадлалтай юм.


-Өнгөрсөн онд хил хааснаар монголчууд эх орноороо их аялсан. Ер нь дотоодын аялал жуулчлал хэр хөгжиж байна вэ?

-Үүнд хувь хүний үүднээс тайлбар өгье. “Цар тахал бусад орны адил аялал жуулчлалын салбарт хүнд туссан ч дотооддоо аялаад багагүй орлого олсон“ гэж чухал албаны хүн мэдэгдэж байсан л даа. Огтхон ч тийм биш шүү. Монголчууд дотооддоо аялж байгаа мэт харагдавч компаниар дамжуулж аялдаггүй. Бараг 95 хувь нь машинаа унаад хөдөө гарчихдаг. Тавхан хувь нь тур оператор, мэргэжлийн байгууллагад хандаж аялдаг. Эдгээр нь гэхдээ завиар явах, ууланд алхах, өдрийн дугуйн аялал гээд тусгай сонирхлын аялал байдаг.

Өнгөрсөн зуны наадмаар дотоодод нэг сая жуулчин аяллаа гэсэн нь ч өрөөсгөл. Тээврийн товчоогоор 230 мянган машин хотоос гарсан мэдээлэл бий. Нэг машинд 4 хүн сууж гээд бодвол нэг сая дөхнө л дөө. Тэдний хорь орчим хувь нь ээж аав, ах дүү рүүгээ очсон гэвэл, үлдсэн 80 хувь нь хүнсээ базаагаад, майхантайгаа явчихдаг.

Манай улсын хүн амын 1,5 сая нь дотоодод аялахад эдийн засгийн эргэлтэд сайнаар нөлөөлнө. Өөрөөр хэлбэл, зөв менежмент л үгүйлэгдэж байна.  


-Зөв бодлого, зохицуулалт нь таныхаар чухам юу байж болох вэ?

-Боловсролын байгууллагатай хамтраад багаас нь байгалиа хамгаалж, зөв аялах дадал, аяллын соёлд сургая. Байгууллагууд сүүлийн үед хамт олноороо их аялах болсон. Аяллыг нь мэргэжлийн байгууллага зохион байгуулж өгснөөр байгууллагын соёл бий болгож байна. Энэ нь тухайн байгууллагын эд эс болсон хувь хүнд нөлөөлж, гэр бүлээрээ ингэж аялж, амрахыг хүснэ шүү дээ. Компаниудын мэдээллээр, монголчууд өдрийн богино аялал тухайлбал, завь, дугуй, явган аялал их сонирхдог. Аяллын компаниар явахад ямар давуу талтайг сурталчлах шаардлага урган гарч байна.


Түүнчлэн, төр нь бодлого, дүрэм, журмаа гаргаад, хувийн хэвшил, ТББ нь үйлчилгээгээ үзүүлж, хариуцлагаа хүлээдэг болмоор байна. 1990 оноос хойш аялал жуулчлалын салбарын 98 хувийг хувийн хэвшил авч явж, төр оролцдоггүй байлаа. Анхнаасаа хяналтгүй, буруу явсан хэрэг. Төр бодлого, чиглэлтэй хөгжүүлж ирсэн бол гадаад хэлтэй хэн дуртай нь жуулчин авчраад байхгүй байсан биз.


Нэг жишээ хэлэхэд, Алтай Таванбогдод өнгөрсөн зун 5000 жуулчин очсон нь их тоо юм. Нутгийн удирдлага төслийн хүрээнд "Малчин" ууланд эко жорлон байгуулж. Хариуцах эзэн, цэвэрлэх үйлчилгээгүйгээс хогийн сав нь сагаад, жорлонд нь хүн орох аргагүй болоод хаасан. Энэ нь салбарын яам хэчнээн мөнгө гарган төсөл хэрэгжүүлж, жорлон байгуулаад үйлчилгээ, арчилгаа байхгүй, хариуцах эзэнгүй бол үр дүнгүй болчихоод байна.




-Салбарын боловсон хүчин бэлтгэхэд яаж анхаарч байгаа вэ. “Тэг” зогссоноор ажиллах хүчээ алдаж байна уу?  

-Аялал жуулчлалын салбарын хувьд 68 хувь, тур операторуудын 98 хувь нь үйл ажиллагаагаа хумиад байгаа. Зөвхөн гадны жуулчин авдаг баазууд хаагдсан. Дотоодын жуулчин авдаг нэг хэсэг нь алдаг оног ажиллаж байна. Аж ахуйн нэгж тур оператор 571 байдаг ч 270 нь тогтвортой үйл ажиллагаа явуулдаг. Энэ салбарт 88 мянга гаруй хүн ажилладаг. Тур операторуудын 15 хувь нь татан буугдаад, 49 хувь нь цомхотгол хийж, 5800 ажлын байр эрсдэлд орсон. Тогтвортой аялал жуулчлалын хөгжил хүний нөөцөд тулгуурладаг. Цар тахлын хүнд үед тур оператор компаниуд чадвартай хүний нөөцөө алдаж байна.


-Монголчууд сүүлийн үед гадаадад аялах нь нэмэгдсэн. Бид ер нь ямар онцлогтой жуулчид вэ?

-Давхардсан тоогоор жилд 2,4 сая монгол хүн гадаадад аялсан мэдээлэл бий. Нэг үеэ бодвол аялахад мөнгө зориулдаг болж. Сонирхолтой баримт хэлье. БНСУ эх орондоо ирсэн жуулчид мөнгөө юунд зориулж байгааг судлахад монголчууд мөнгө үрдгээрээ нэгд бичигдсэн байна. Монгол хүн тухайн оронд нэг өдөрт 2014 ам.доллар зарцуулсан судалгааг лавшруулан харахад гоо сайхан, хувцас хунар, тавилга гээд нэр төрлөөр нь жагсааж. Бид гадагшаа явахдаа аав, ээж, ах дүү, найз нөхдөдөө бэлэг авдаг. Харин бусад орны жуулчид тухайн орны онцлогийг харуулсан брэнд бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын зүйл авсан байх жишээтэй.


-Манай улсад ирсэн гадаадын жуулчдын талаар ийм судалгаа бий юу?

Жуулчид Монголоос бэлэг дурсгалын бүтээгдэхүүн, ноолуур авдаг. Тусгай сонирхлын аяллаар ирсэн бол нум сум, арьс ширэн бүтээгдэхүүн гэх мэт онцолсон зүйл сонирхоно. Бид жуулчдын хармаанд байгаа мөнгийг хангалттай авч үлдэж чаддаггүй. Иймд өөрсдийн онцлогийг шингээсэн, жуулчдад зориулсан олон бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй. Нэг жуулчин Монголд ирээд 7-9 хонохдоо 1940 ам.долларыг зөвхөн үйлчилгээнд төлдөг статистик бий. Орон нутгаар явахад сумын төвийн жижиг дэлгүүрээс өөр худалдаа байхгүй. Аяллын гол чиглэлийн сумд тодорхой байгаа шүү дээ. Тэнд жуулчдад зориулсан дэлгүүр гаргаж, өрхийн амьжиргааг дэмжсэн гар урлалын бүтээгдэхүүн хиймээр санагддаг.

 

Холбоотой мэдээ