ДЭЛХИЙН НОМЫН ӨДӨРТ ЗОРИУЛАВ
ТОЙМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.
Өдгөө Улаанбаатар хотод цар
тахлын аюул хүндэрсэнтэй холбоотойгоор номын дэлгүүрүүд хаалгаа барьсан ч
хүмүүс онлайн захиалгаар ном авч унших болсон. Ер нь ном соёлтой холбоотой үйл
ажиллагаа бүрэн зогссонгүй. Уран бүтээлчид бүтээлээ туурвиж, хэвлэн нийтлэх газрууд хатуу хөл хориогүй үед ажиллаж, редакторууд хянаж, дуун хөрвүүлэгчид
орчуулсаар байлаа. Энэ оны эхэн гэхэд л Жулиан Барнсын “Төгсгөлийн мэдрэмж”, Ондатжегийн
“Англи өвчтөн”, Ц.Буянзаяагийн “Сэтгэлзүйн тууриуд” зэрэг шинэ содон
номууд тасралтгүй хэвлэгдэж, уншигч олны хүртээл болсоор байна. Энэ бүгдийг
нуршсан учир нь өнөөдөр Дэлхийн номын өдөр тохиож буй.
НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллага 1995 онд дөрөвдүгээр сарын 23-ны эл өдрийг “Дэлхийн ном болон зохиогчийн эрхийн өдөр” болгон анх зарлаж, түүнээс хойш жил бүр тэмдэглэж ирсэн уламжлалтай. Зохиолч Мигель Де Унамуно “Зөвхөн сайн юм уншина гэдгийг чинь мэдэж байна. Роман байсан ч хамаагүй, унш. Бодит түүх гэлцдэг юм үнэндээ романаас дээрдэхгүй. Хүмүүсийн хов жив, цуу яриагаар тархиа дүүргэж байснаас ном уншсан нь хавьгүй дээр. Гэвч чамд баяр хөөр, намуухан таатай тайвшрал бэлэглэх номууд уншаарай” хэмээн бичсэн нь бий. Хүн төрөлхтөн эрт цагаас өнөөдрийг хүртэл ном, уран зохиолтой холбогдож, урт зууны туршиж орхиж гээлгүй өдийг хүрчээ.
Хүн бүр гэртээ байж, өөрийн
болон бусдын эрүүл мэндийг сахин хамгаалж буй энэ цаг мөчүүдэд уншигчдын номын
санд шинэ сонголт нэмэх номын тоймыг
уншигчдадаа хүргэж байна.
АЛЬБЕР КАМЮ | ТАХАЛ
Яг л энэ цаг үед уншиж
хэвтмээр ном л доо. “Тахал” зохиолын аль нэг хэсгээс сугалан эш татах боломжгүй.
Учир нь романд буй угсарсан нийлмэл бүтэцтэй урт, урт өгүүлбэрүүд нь нэгээс
нөгөөд шилжин үйл явдлын нарийн холбоосыг бий болгодог тул номыг бүхлээр нь
эшлэх шаардлагатай болно гэсэн үг. Уншиж дууссаны дараа нээрэн хамгийн чухал
гэсэн бүхнийг, хамаг итгэл найдвартайгаа алдаж гүйцээд сэтгэл хоосорчих шиг
мэдрэмж төрүүлснийг нуух юун.
“Оршин буй цагаа чамлан,
өнгөрсөн цагтайгаа өштөн дайсан болж, ирээдүйгээ тахалд булаалгасан бид нээрэн л
шударга ёс юм уу, эсвэл хувь хүний өш хонзонгоор өргөст торон цаана хоригдсон
хүмүүстэй тун ч адилхан болсон аж”. Энэ өгүүлбэр танд ямархан нэгийг
бодогдуулах нь лавтай. Гол нь цаг үетэйгээ хэр сайн холбож чадахаас тань шалтгаалах
болно.
КУДО МИЁКО | МОНГОЛЫГ СЭРЭЭСЭН АРДЧИЛЛЫН САЛХИ
Кудо Миёко хэмээх япон зохиолчийн тус номыг зөвлөж байна.
Их сонирхолтой. Монголд өрнөсөн ардчиллын тухай. Гэхдээ зөвхөн ардчилал,
түүнийг тойрсон үйл явдлаас гадна Зоригийн тухай. Олон зүйл нуршихгүй, элдэв
чамин дүрслэлгүй яг таг буулгана. Бичиж буй үйл явдлын хэлхээнээс огт гажихгүй.
Дээр нь нэмээд тухайн үеийн Улаанбаатар, цаг агаар, хүмүүсийн дүр төрх, зан ааш
зэргийг ганц нэг өгүүлбэрээр часхийтэл дүрслээд орхичихно. Уламжлалт заншил,
баяр наадмын тухай дундуур нь цухасхан дурдахдаа юуг чухалчлан өгүүлж байгаагаа
ягштал баримтлах бөгөөд төөрөхгүй. Аливаа зочинтой ярилцсаны хойно ганцаар
суугаад бодно, өөртөө асуулт тавина. Түүндээ эргэлзэж байгаа мэт үзэл бодлоо
бичээд орхивч нэгэнт хариултаа олчихсон байна. За, нэг ийм сонирхолтой баримтат
зохиол өнгөрсөн онд Монголд дахин, бүрэн эхээрээ орчуулагдаж гарсан юм.
Орчуулга ч сайтай ном.
ФРИДРИХ ДЮРРЕНМАТТ | АМЛАЛТ
Мэдээж өөрийн таашаалаар
ном зөвлөж байгаа учир “Монсудар”-ын өнгөрсөн онд хэвлүүлсэн солонгон цувралын
зохиолуудаас ХХ зууны Швейцарын зохиолчдын гол төлөөлөгч Фридрих Дюрренматтын
“Амлалт” туужийг санал болгоё. Ялангуяа детектив зохиолд дуртай уншигчдад илүүтэй
таалагдах болов уу. Учир нь сүүлд нэг ахдаа зөвлөж уншуулахад “Яахав дээ, нэг
их таалагдаагүй” гэсэн юм. Гэхдээ хүмүүс өөрсдийн мэдрэмжээр уншихаас
бусдынхтай яг таг адилхан бус шүү дээ.
Тус номыг эхлүүлчихээд гараасаа огт
салгалгүй суусаар дуусгасан. Ядахад төгсгөлийн үйл
явдал дээр гарч ирдэг тэр санваартны дуу байн байн сонстож, отолт хийж байсан
цагдаа нар шиг, прокурор шиг тэсгэл алдуулж гүйцсэн билээ. Яалт ч үгүй Маттейн
зөв л байгаасай гэж үнэхээр
их хүссээр, түүний хүлээлт шиг хүлээсээр, хүлээсээр
уншиж дуусгасан. Ёстой л
“чөтгөр авмар” гээд хэлчихмээр санагдаж билээ. Номын
тухай тусад нь дэлгэрэнгүй шүүмж бичнэ гэж өөртөө ч амлаад амжсан шүү. Мэдээж
Прүстийн “Алдуул цагийн эрэлд” романы тэргүүн боть “Сувааны зүг”, Хан Ганы
“Хөвгүүн ирлээ”, Данийл Хармсын “Оршихуй №2”, Нил Гейманы “Коралайн” зэрэг олон
сайхан орчуулгын бүтээлүүд гарсан билээ.
ЮДИТ ШАЛАНСКИЙ | АЛДАГДСАН
ЗҮЙЛИЙН ЖАГСААЛТ
Үнэндээ анх надад зөвлөсөн хүний хэлснээр үзэхэд хэвлэлт нь их чамин, машхүү тансаг санагдаж билээ. Гэхдээ цаана
нь нэг тийм нууц шид байгаа мэт сэтгэгдлийг өгсөн тул “Алдагдсан зүйлийн
жагсаалт” номыг авч уншсан юм. Өнгөрсөн онд гарсан номуудын басхүү онцгой нэгэн
байр суурь эзлэх бүтээл болов уу.
Германы зохиолч Юдит Шаланский
өөрөө урлагийн түүхч мэргэжилтэй. Тиймээс эл номд устаж үгүй болсон зүйлсийн
түүхийг, тэднийг бодитоор харж, оршин байсныг нь мэдрэх мэтээр уншигчдын өмнө
аваачина. Нэг бол та зүгээр төсөөлөл дундаа хөвж яваа мэт санагдах вий. Сэдэв,
агуулга, уран сайхны бичлэгийн хэв маяг зэрэг бүхий л зүйлээрээ шинэлэг содон
ном. Зарим түүхэн хүмүүс болоод газар, амьтдын нэрс дурдагдах урт өгүүлбэрүүд
нь Борхесийн бичлэгийн хэвийг санагдуулж билээ. “Оршил” дундаас нь таалагдсан
нэг хэсэг бий “Үндсэндээ хүн гагцхүү дутагдаж, үгүйлэгдэж буй зүйлийн араас л
харамсан гуниглах боломжтой” билээ.
ЖУЛИАН БАРНС | ТӨГСГӨЛИЙН МЭДРЭМЖ
Англи хэлт уран зохиолын томоохон
төлөөлөгчдийн нэг Жулиан Барнсын “Төгсгөлийн мэдрэмж” роман. Түүний зохиол
бүтээлээс Монголд анхлан хөрвүүлэгдсэн нь энэ. Уг бүтээлийг дурсамжийн тухай
ном хэмээн тодорхойлж болно. Гэвч гэнэн залуу насны дурсамж, түүн доторх алдаа
яг одоо цагийн бодит амьдралд хэрхэн тодорхойлогдож, ухамсарт нөлөөлж болох вэ?
Ямартаа ч тэр болгон хүнд асуултыг уншигчаас нэхэх нь тун ховор. Болсон үйл
явдлыг элдэв хачиргүй, тодорхойлох зорилгогүйгээр зүгээр л хүүрнэн өгүүлчихсэн
гэмээр зохиол. Харин төгсгөл нь илүү сонирхол төрүүлж чадахуйц гэдгийг хэлчихэе.
Э.АДЬЯАСҮРЭН | БӨН БӨН ХЭМЭЭХ УРАН БҮЛТРЭЭ
Сэтгүүлзүйн төрлийн номууд дундаас
Ш.Цэрэнпил “Хэнээт”, Л.Болормаа “Даашинзтай сурвалжлагууд”, Б.Ганчимэг “Аав бид
хоёр”, Ж.Гангаа “Цагаан гэгээ”, Л.Мөнхбаясгалан “У.Хүрэлсүхйин төрсөн өдөрт танц
гишгэв”, Д.Дамдинжав “Гол тоглогч I,
II”
зэрэг чансаатай бүтээлүүдийг уншсан санагдана. Харин үүн дээр нүүр бардам
нэмээд нэрлэчихмээр нэгэн шинэ бүтээл энэ онд мэндэлсэн нь нийтлэлч
Э.Адъяасүрэнгийн “Бөн бөн хэмээх уран бүлтрээ” ном юм. Монгол хэлний баян
тансаг үг хэллэгтэй тус номын бүлэг тус бүр нь өөр, өөрийн гэсэн онцлогтой.
Басхүү бичвэр нь цомхон бөгөөд урт сунжирсан өгүүлэмжээр уйдаж залхаахгүй. Тэр
цомхон бичвэрүүд нь сэдвээ яг таг базаж зангиджээ. Зарим нь үнэхээр л шууд
утгаараа зугаа төдий боловч, зарим нь хатуухан ёжилсон өнгө аястай. Энэ
утгаараа уншихад урамтай, уран тансаг боловч уншаад дууссаны дараа нэгийг
бодуулж, хоёрыг тунгаалгах болов уу.
Ц.БУЯНЗАЯА | “СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД”
Зохиолч, яруу найрагч
Ц.Буянзаяагийн “Сэтгэлзүйн тууриуд” нэртэй шинэхэн туурийн ном уншигчдын
анхаарлыг ихэд татаад байгаа билээ. Энэхүү ном нь туурийн төрөл зүйлийн шинэлэг
хэв маягийг зохиолын баатруудынхаа ухамсар, сэтгэлзүйн ертөнцөд үүссэн гэнэтийн
давтамжит хэв шинжүүд дээр үндэслэж дүрслэн өгүүлжээ.
Тэдгээр хэв шинжүүд нь хүний
төрөлхийн мөн чанарт байдаг нийтлэг ухамсрын хандлагын илэрхийлэл болж байгаа
нь уг бүтээлийн нэгэн гол шинжийг илэрхийлнэ. Уг бүтээлийн талаар зохиолч
Г.Аюурзана “Зохиогч нь “сэтгэлзүйн туурь” хэмээн тодорхойлсон 18
притч-өгүүллэгээс бүрдэх эл түүвэр тун сонирхолтой санагдлаа. Ялангуяа “Аалзны
торон дахь хааны туурь”, “Үүдэл эцгийн туурь”, “Хоёр нохойны зургийн туурь”, “Булингарт
голын туурь”, “Мөнгөн торхны туурь”, “Бүлэг иргэний туурь”-д дүрслэгдсэн далд
бэлгэдлүүд, дүр бүрт нь тохиож буй хувь заяаны егөө их таалагдав” хэмээн
дүгнэсэн байна.