МОНЦАМЭ агентлаг ОХУ-ын ГХЯ-ны талархал хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-04-02 14:43:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол хүн сансарт ниссэн, Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэгийн 40 жилийн ойд зориулан Оросын шинжлэх ухаан, соёлын төвд гаргасан Монгол-Оросын хамтарсан үзэсгэлэн, сансрын ойн бусад үйл ажиллагааг зохион байгуулахад оролцсон иргэд, байгууллага, ААН-ийн төлөөллийг өнөөдөр шагналаа. Шагнал гардуулах ёслол Оросын шинжлэх ухаан, соёлын төв буюу "Русский Дом"-д боллоо. 


Шагнал гардуулах ёслолыг нээж, ЗХУ, БНМАУ-ын баатар, сансрын нисэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа хэлэхдээ, "Бид энэ жил манай хүн төрөлхтний анхны төлөөлөгч сансарт ниссэний 60, Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэгийн 40 жил гээд олон ойг давхар тэмдэглэж байна. Энд манай хоёр орны хооронд дипломат харилцааны тогтоосны 100 жилийн ой ч багтаж байна. Эдгээр ойд зориулан гаргасан үзэсгэлэнг олон байгууллага, хувь хүмүүс чинь сэтгэлээсээ хамтран зохион байгуулж, хүчин зүтгэж оролцсон" хэмээн онцоллоо. Ингээд тэрээр ОХУ-ын хамтын ажиллагааны байгууллага "Россотрудничество" агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, Оросын шинжлэх ухаан, соёлын төв "Русский Дом в Уланбаторе"-гийн захирал А.Р.Базархандаевын хамт шагналыг гардууллаа. 


ОХУ-ын ГХЯ болон ОХУ-ын хамтын ажиллагааны байгууллага "Россотрудничество" агентлагийн талархлын бичгийг Монгол Улсын Архивын ерөнхий газар, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн, Газарзүй-геоэкологийн хүрээлэнгийн Зайнаас тандан судлах, орон зайн загварчлалын салбар, Ус цаг уур, орчны судалгаа-мэдээллийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, БХЯ-ны Монгол цэргийн музей, МУИС-ийн Нано хиймэл дагуул хөгжүүлэлтийн лаборатори, Монголын Сансрын технологийн холбоо, сансрын салбар дахь гарааны "Mars-V" төслийн хамт олон хүртлээ. 


Мөн "Дү-дү" хүүхдийн сансрын музей, Монголын Хүүхдийн урлан бүтээх төв, тус төвийн "Нисэх загвар" зохион бүтээх дугуйлан, Монголын Залуу зохион бүтээгчдийн холбоо, Монголын Аеронавтикийн холбоо зэрэг ТББ-ууд шагнууллаа. Түүнчлэн Монголын Филателийн холбооны хүндэт гишүүн, ахмад филателист цуглуулагч Н.Чинбат, Соёлын тэргүүний ажилтан Д.Ганбат нарын хүмүүс шагнал хүртэв. Мөн энэ үеэр БХЯ-ны Монгол цэргийн музейг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины гарын үсэгтэй Ялалтын 75 жилийн ойн медалиар шагнасан юм. 


Медалийг ОХУ-ын хамтын ажиллагааны байгууллага "Россотрудничество" агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирал А.Р.Базархандаев гардуулан, сансрын ойд зориулан тус төвөөс зохион байгуулсан хоёр орны хамтарсан үзэсгэлэнд оролцсон Монголын бүх байгууллага, хувь хүмүүст талархлаа илэрхийлээд, "Үзэсгэлэн нь хоёр орны сансрын хамтарсан нислэгийн түүхийг өнөө болон ирээдүйн хүүхэд багачуулд дэлгэн сануулсан сайхан үйл явдал болж, Монгол-Оросын соёлын хамтын ажиллагаанд үлэмж хувь нэмрээ орууллаа. Ийм үйл ажиллагааг цаашид зохион байгуулахаа илэрхийлэхийн ялдамд "COVID-19" халдварын эсрэг вакциныг бид бүхэн өргөн хүрээнд хийлгэн аюулт өвчнөөс ангижран, ирэх намар хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой болон Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн 45 жилийн ойг олон хүнийг хамарсан, олон сайхан үйл явдлаар дүүрэн тэмдэглэж уулзахыг ерөөе" хэмээлээ. 




Сансрын нисэгч, хошуу генерал Ж.Гүррагчаа шагнал хүртсэн бүх хүн, байгууллагад ойд зориулан өөрийн гаргасан "Орчлонд орхисон мөр" номоо гарын үсэг зурж, талархлын хамт гардуулж, "Энэ бол та бүхэнд ч тэр, үр хүүхдүүдэд тань үлдэх ёстой дурсгал юм" гэдгийг онцлон хэлж байв.

Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэгийн 40 жилийн ойд зориулан гаргасан "Хүн-Эх дэлхий-Сансрын уудам" үзэсгэлэнд МОНЦАМЭ агентлаг өөрийн сурвалжлагч, сэтгүүлч, гэрэл зурагчдын бүтээлийг дэлгэсэн "Сансрын нислэгийг сурвалжилсан нь"  үзэсгэлэнгээр оролцсон юм. 



Хүн төрөлхтөн сансарт ниссэний 60, Монгол хүн сансарт ниссэн, Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэгийн 40 жилийн ойд зориулан 3 дугаар сарын 22-нд Оросын шинжлэх ухаан, соёлын төвд нээгдсэн "Хүн-Эх дэлхий-Сансрын уудам" үзэсгэлэн  үргэлжлэн гарч байна. Өнгөрсөн хугацаанд тус үзэсгэлэнг 300 шахам хүн үзэж сонирхжээ. "COVID-19" цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан халдвар хамгааллын дэглэмийг барьж буй учир өдөрт 20 гаруй хүн ирж, цөөн цөөнөөрөө болон гэр бүлээрээ сонирхон  үзэж байгаа аж. 


Гэрэл зургийг Т.Чимгээ, Н.Батбаяр


Холбоотой мэдээ