Хөхүүл ээж вакцин хийлгэж болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-06 12:08:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр иргэдээс 396 дуудлага иржээ. Эдгээрийн 36,1 хувь нь машин ачилт, 15,4 хувь нь төрийн үйлчилгээтэй холбоотой дуудлага байв. Коронавирусний эсрэг вакцинтай холбоотой асуултад хариулсныг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс мэдээлжээ. 


-Коронавирусний эсрэг вакциныг заавал хийлгэх ёстой юу?

-Вакциныг сайн дурын үндсэн дээр хийнэ. Гэхдээ вакцин таныг коронавирусний халдвараас хамгаалах тул заавал хийлгэх хэрэгтэй. Вакцин хийлгэсний дараа халдвар авсан ч өвчин хүндрэхээс болон дотны хүмүүсээ халдвар авахаас сэргийлэх ач холбогдолтой.


-Вакцинаас өвчин авах уу?

-Үгүй. Одоогоор хүн амд хэрэглэхээр баталгаажсан вакцинууд нь амьд вирус агуулаагүй тул өвчин авахгүй.


-Хөхүүл хүн вакцин хийлгэж болох уу. Мөн удахгүй товлолт вакциндаа хамрагдах хүүхдэд нөлөөлөх үү?

-Хөхүүл ээж вакцин хийлгэж болно. Хүүхэд товлолт вакцин хийлгэхэд ямар ч асуудалгүй.


-В вирусний эсрэг вакцины гурав дахь тунгаа ковидын вакцинтай зэрэг хийлгэж болох уу?

-Сарын зайтай хийлгэнэ. Нэг дор хийлгэж болохгүй. Уг нь уламжлалт товлолын вакцин нэг зэрэг хийлгэдэг. Шинэ вакцин учраас болохгүй.


-Коронавирусний вакцин хийлгэснээс болж үнэр мэдрэхгүй болох шинж илрэх үү?

-Түр хугацаанд тийм шинж тэмдэг илэрч болно.

Холбоотой мэдээ