Аръяабалын сүм

ФОТО МЭДЭЭ
gerelzurag1@montsame.mn
2021-04-07 13:40:42
https://www.facebook.com/chadraabal
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт орших Аръяабалын сүмийг бясалгалын сүм гэх бөгөөд 1998-2004 онд барьж дуусгажээ.
Уулын чулуу засаад сүмийн үүд хүртэл 108+8 чулуун шатыг хийсэн ба шатаар өгсөх бүрт “Ум мани бадми хум” хэмээн хэлж өгсвөл санаандгүй хийсэн нүгэл нэг нэгээрээ хорогдоно гэж үздэг. Сүмийг тойруулан 108 жижиг суврага, шашны 8 тахил, хангагч эндэнэ, соёмбо зэрэг бэлгэдлээр чимэглэн хашаагаар хүрээлжээ. Сүмийн байшинг тойрсон 108 хүрдийг эргүүлж гороолоход “Ум мани бадми хум” тарни олон дахин уншигдсантай тэнцэнэ гэж үздэг.
Аръяабал гэдэг нь Жанрайсаг бурханы санскрит нэр бөгөөд монголоор Чандмань эрдэнэ, лянхуа цэцэг баригч гэх, төвдөөр Жанрэзиг гэх агаад мэлмийгээр болгоогч хэмээнэ. Аръяабал сүмийн зүүн уулын энгэрт Маанийн 6 үсгийг өнгө алаглуулан сийлсэн байдаг нь их өвөрмөгц харагдана.
Аръяабалын сүм очих замд Бурхан багшийн сургааль номлолоос иш татсан самбарууд байрлуулсан байдаг. Мөн хүрдний асар байх ба асрын таазанд 150 хүртэл тоо бүхий сум заасан тэмдэглэгээ бий, хүрдийг эргүүлэхэд сумны үзүүр ямар нэгэн тоон дээр заах ба тухайн өдрийн зурхайг зааж байдаг. Заасан тооны тайлалыг Аръяабалын сүм явах зам дагуух самбар дээрээс уншина.