Хамгаалалтад авсан зарим орон сууцыг чөлөөлөх шийдвэр гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-04-08 11:27:15

Ховд/МОНЦАМЭ/. Ховд аймагт коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан хэд хэдэн объект, орон сууцыг хамгаалалтад авч хөл хорио тогтоогоод байсан.

Тэгвэл аймгийн Онцгой комиссын дэргэдэх "Шуурхай штаб"-ын хурлын шийдвэр, холбогдох тогтоолоор зарим орон сууцны өвчлөл бүртгэгдээгүй орцыг 18 цагийн дотор эцсийн байдлаар ариутгаж, чөлөөлөхөөр боллоо.  

Тодруулбал: аймгийн төв буюу Жаргалант сумын 52, 62, 72, 24 айлын орон сууц, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчдын байр, "Оюу Мандал" ХХК-ийн байранд  хязгаар тогтоосон хугацааг дуусгаж, бүрэн судалгаа, ариутгал хийхийг холбогдох салбарынханд үүрэг болгосон аж.

Ийнхүү өвчлөл бүртгэгдээгүй орон сууцны орцыг ариутгасан хугацаанаас эхлэн тухайн орцонд оршин суугч иргэд гадуур явганаар зорчиж хүнсний хэрэгцээгээ хангах боломж бүрдэнэ.

Ингэхдээ хүн хоорондын зай барьж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахих шаардлагатай гэж мэргэжилтнүүд анхаарууллаа.

Учир нь энэ сарын 8-ны өдрийн байдлаар Ховд аймагт коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 100 болсон байна.

Мөн Жи мобиал, Мобиком, Скайтел, Юнител компанийн үйл ажиллагаанд цагийн хязгаарлалт тогтоож, 2021 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн 10:00-15:00 цагт ажиллуулах шийдвэр гаргажээ.

 

Холбоотой мэдээ