Соёл, урлагийг дэмжих санд энэ жил 722 төслийн санал иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОДРУУЛГА
boloroo8136@gmail.com
2021-04-08 16:45:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёл, урлагийг дэмжих сангаас 2021 онд хэрэгжүүлэх төслийн саналыг 2021 оны 3 дугаар сарын 1-31-нд зарлан хүлээн авч байна. Сонгон шалгаруулалтын талаар Соёлын яамны Соёлын бүтээлч үйлдвэрлэл, инновацын хэлтсийн дарга Н.Мөнхзулаас тодрууллаа.


-Соёл, урлагийг дэмжих сан хэзээ байгуулагдав. Сангийн үйл ажиллагааны  талаар товч мэдээлэл өгнө үү?

-Соёл, урлагийг дэмжих санг анх 1995 онд “Соёл, урлагийг хөгжүүлэх сан” нэртэйгээр Засгийн газрын 74 дүгээр тогтоолоор байгуулсан. Үүнээс хойш өнөөг хүртэл олон төслийг санхүүжүүлж, соёл, урлагийн салбарын хөгжилд зохих хувь нэмрээ оруулсаар ирсэн. Сангийн санхүүжилтээр олон улсын тавцанд гарах гараагаа эхлүүлсэн тэдгээр төслөөс “The Hu” хамтлаг, Пусаны 18 дахь удаагийн олон кино наадмын шинэ давалгаа уралдааны тэргүүн шагнал хүртсэн “Алсын удирдлага” уран сайхны кино, Каннын олон улсын кино наадамд сонгогдож оролцсон “Хэвтрийн хүн” уран сайхны киног онцолж болно. Түүнчлэн олон улсын хэмжээний уралдаан наадамд уран бүтээлчдийг оролцоход санхүүгийн дэмжлэг олгох, Соёлын биет бус өвийн нүүдэлчин монгол наадам, Азийн ардын урлагийн их наадмыг зохион байгуулах, түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг сэргээн засварлах, соёлын өвийн улсын тооллогыг зохион байгуулах, шилдэг бүтээл туурвилыг хэвлүүлэх зэрэг маш олон төслийг санхүүжүүлсэн байдаг.


-Энэ оны сонгон шалгаруулалтад хэчнээн төсөл ирээд байна вэ?

-Соёлын яамнаас 2021 оны Соёл, урлагийг дэмжих сангийн төслийн сонгон шалгаруулалтын зарыг 3 дугаар сарын 1-31-нд зарласан. Сүүлийн 3 жилд нийт 365 төслийн санал ирж байсан бол энэ жил тооцоолж байснаас хэд дахин их буюу 722 төслийн санал ирлээ.


-Төслийн сонгон шалгаруулалтад оролцогчид огцом олширсон шалтгаан юу вэ?

-2017-2019 онд нийт 365 төслийн санал хүлээн авч байсан бол энэ онд 722 төсөл буюу өмнөх жилүүдээс хэд дахин олон төсөл хүлээн авлаа. Энэ нь нэг талаасаа Монгол Улс 24 жилийн дараа бие даасан Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Соёлын яамтай болсноор соёлын асуудал бүх нийтийн анхаарлын төвд ирж, иргэдийн соёлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох хандлага нэмэгдсэн гэж үзэж болно. Нөгөө талаас 2020 оноос хойш цар тахлын хүнд цаг үеийг туулж байгаа соёлын ажилтан, уран бүтээлчид, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагаа явуулахад санхүүжилт ихээхэн шаардлагатай байгааг илтгэж болох талтай юм.

Засгийн газрын 2020 оны 120 дугаар тогтоолоор баталсан “Соёл, урлагийг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам”-д заасны дагуу төрийн болон олон нийтийн байгууллагын төлөөлөл бүхий 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын баг байгуулж, төслийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.

Энэ жилийн хувьд өмнөх жилүүдээс сонгон шалгаруулалтад оролцогчдын тоо олноор нэмэгдсэн болон Ковид-19 цар тахлын үед халдвар хамгааллын дэглэм барьж ажиллах зэргээс шалтгаалан шалгаруулалтыг зохион байгуулахад цаг хугацаа нэлээд зарцуулж байгааг оролцогчид зөвөөр ойлгохыг хүсэж байна. Боломжит богино хугацаанд шударга, нээлттэй байх зарчмаар сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, мэдээллийг яамны www.moc.gov.mn цахим хуудсаар дамжуулан хүргэнэ.


-Энэ онд хэдэн төрөл, сэдвээр төслийн сонгон шалгаруулалтыг зарласан бэ?

-Энэ жил оролцогчид 8 төрөл, сэдвээр оролцож байгаа. Тухайлбал, Соёлын өвийг хадгалж хамгаалах, сурталчлах, түүх соёлын дурсгалыг соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох, шинэ уран бүтээл туурвих, соёл, урлагийг гадаадад болон өөрийн оронд сурталчилсан дуу авиа бүхий дүрс бичлэг хийх, бүх нийтийн соёл, урлагийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн төсөл,  соёлын бүтээлч үйлдвэрлэл, үйлчилгээнд шилдэг санаа нэвтрүүлэх, бүтээгдэхүүн хөгжүүлэх, монгол судлаач, эрдэмтдийн шилдэг бүтээлийг хэвлүүлэх, сурталчлах, мэргэжлийн ур чадварыг эзэмших, эзэмшүүлэх сургалт зохион байгуулах, соёл судлал, соёл, урлагийн бодлогын судалгаа, зохиогчийн эрхэд суурилсан бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх судалгаа гэх мэт өргөн сэдвийг хамарч байгаа.

Энэ жилийн төслийн төрөл, сэдвийн хүрээнд соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын инновац, монгол брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжүүлэлтэд ач холбогдол өгч байна.

“Соёлын бүтээлч үйлдвэрлэл”-ийн инновацын үйл ажиллагааг сангаас дэмжиж, шинэ санаа, шинэ технологи турших, нэвтрүүлэхэд чиглэсэн болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн, дотоод болон гадаад зах зээлээ тэлэхийг зорьсон, хувь хүн, нийгэм, эдийн засагт үр нөлөө үзүүлэх ач холбогдол бүхий төслийг санхүүжүүлнэ.


-Соёл, урлагийг дэмжих санд хамрагдахын тулд ямар шаардлага хангасан байх ёстой вэ?

-Соёл, урлагийг дэмжих сангийн үйл ажиллагааг Тусгай сангийн хууль болон Засгийн газрын тогтоолоор баталсан журмаар зохицуулдаг. Хууль, журмын дагуу тавих ерөнхий шаардлагаас гадна төслийн уралдааны зар дээр тавьсан шаардлагуудыг тавьдаг. Төсөл нь шинэлэг бөгөөд цаг үетэйгээ нийцсэн, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ практикт хэрэглэх боломжтой, оюуны өмч болон зохиогчийн эрхийн зөрчилгүй, төслийн оролцогчдын аюулгүй байдлыг хангасан, тухайлбал Ковид-19 цар тахлын үед хэрэгжих боломжтой байх гэх мэт.

Энэ жил Соёл, урлагийг дэмжих сангаас хувь хүнд төсөлд олгох санхүүжилтийн дээд хязгаар 30 сая төгрөг, хуулийн этгээдийн төсөлд олгох санхүүжилтийн дээд хязгаар 80 сая төгрөг байхаар тус тус тогтоосон.

 

 

Холбоотой мэдээ