Норвег “Johnson & Johnson”-ы вакциныг хэрэглэхээ түр хойшлуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-04-16 12:07:28

ОСЛО. /CNN/. Америкийн “Johnson & Johnson” компанийн “COVID-19”-ийн вакцины судалгаа үргэлжилж буйг харгалзан уг вакциныг хэрэглэж эхлэх хугацаагаа түр хойшлуулж байна гэж Норвегийн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн мэдэгдэв.


Энэхүү вакцины талаар нэмэлт дэлгэрэнгүй мэдээлэл гарах хүртэл хэрэглээнд нэвтрүүлэхийг хойшлуулж буйгаа тус хүрээлэнгийн Халдварт өвчин судлалын газрын дарга Гейр Бухольм пүрэв гарагт мэдээлсэн байна. 


АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газар, Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв “Johnson & Johnson”-ы вакцин хийлгэсэн 18-48 насны зургаан эмэгтэйд цусны бүлэгнэл үүссэн тул уг вакциныг хэрэглэхээ түр зогсоохыг мягмар гарагт зөвлөсөн юм. 


Харин Европын Эмийн агентлаг “Johnson & Johnson”-ы вакцины “COVID-19”-өөс урьдчилан сэргийлэх ашиг тус нь гаж нөлөө үүсэх эрсдэлээс хавьгүй их хэвээр байгааг лхагва гарагт мэдээлжээ.


Мөн Европын Холбооны вакцины аюулгүй байдал хариуцсан тус агентлаг цусны бүлэгнэл үүссэн тохиолдлуудыг үргэлжлүүлэн судалж байгаа тул ирэх долоо хоногт зөвлөмж гаргах төлөвтэй байгаагаа мэдэгджээ. 

Холбоотой мэдээ