Хөдөөгийн сумын хүнсний бүтээгдэхүүн татан авалт, тээвэрлэлт хэвийн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-04-16 16:33:03

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хөдөөгийн 16 сумын иргэдийг хүнсний бүтээгдэхүүний хомсдолд орохоос сэргийлэх, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх зорилгоор “Хүнсний татан авалт, тээвэрлэлтийн ажил”-ыг тусгай журмын дагуу зохион байгуулж байна. 

Өөрөөр хэлбэл, тус ажлыг аймгийн Онцгой комиссоос гаргасан тогтоол, шийдвэрийн дагуу Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хашаанд тогтсон нэг цэгт төвлөрүүлэн, халдвар хамгааллын дэглэм сахиулан үе шаттай зохион байгуулж буй. 

Хуваарийн дагуу өнөөдөр Дарви, Мөст, Дуут сумынхан хүнсний бараа бүтээгдэхүүнээ татан авч, тээвэрлэлт хийж байна.

Хүнсний бараа бүтээгдэхүүнийг ачих, буулгах, ариутгал халдваргүйтгэл хийх ажлыг Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын холбогдох мэргэжилтнүүд хариуцан хийж байна.

Энэ үеэр Дарви сум руу зорчих нэг машинд 3.5 тонн, Мөст сумын нэг машинд 25 тонн бараа бүтээгдэхүүн ачив. Мөн Дуут сум руу зорчих зургаан машинд зургаан тонн хүнсний бүтээгдэхүүн ачуулж, халдваргүйтгэлийг журмын дагуу гүйцэтгэлээ.  

Дөрөвдүгээр сарын 05-ны өдрөөс хойших хугацаанд хөдөөгийн бүх сум тусгай хуваарийн дагуу 1-2 удаа хүнсний бүтээгдэхүүний татан авалт хийжээ.

Энэ хугацаанд хөдөөгийн сумаас тээвэрлэлт хийхээр ирж байгаа зарим авто машинд QR код байхгүй, бараа ачуулж байгаа худалдааны газрын ажилтнууд хүн хоорондын зай бариагүй зэрэг нийтлэг зөрчил илэрснийг салбарын мэргэжилтнүүд газар дээр нь арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.

Аймгийн төв буюу Жаргалант сумын тухайд иргэдээс ирсэн саналтай холбогдуулан хүнс тээвэр, хүргэлтийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн дагуу хэрэгжүүлж буй.   

Холбоотой мэдээ