Орон нутаг судлах музейн хамт олон "Босоо бичигтэн" болох зорилт дэвшүүлжээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-04-18 22:14:27

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Орон нутаг судлах Музейн хамт олон эх хэлээ дээдлэн суралцаж, босоо бичигтэн болох зорилт дэвшүүлжээ.

Энэ хүрээнд хамт олноороо монгол бичгийг тусгай цаг гарган суралцаж, МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг "Хүмүүн бичиг" сониныг захиалан уншдаг болжээ. Мөн  Соёлын цаг, Цахим музей хөтөлбөрүүдийн хүрээнд аймгийн нутаг дэвсгэр дэх “Тахилга шүтлэгт газар нутаг”-ийг бүртгэн баримтжуулах, “Хөвсгөл аймгийн музейн үзмэрийн дээжис” ном хэвлүүлэх , “Цаатан музей” байгуулах,  “Угийн бичиг” хөтлөх ажлыг эрчимжүүлэх зэрэг зорилтыг 2024 он хүртэл хэрэгжүүлнэ гэдгийг захирал Х.Рагчаа хэлж байлаа.

Тус аймагт анх 1949 онд Орон нутаг судлах кабинет байгуулж, 1967 онд Орон нутаг судлах Музей болсон бөгөөд энэ үед музейн сан хөмрөг 1000 орчим үзмэр, эд өлгийн зүйлтэй байжээ. 1987 онд дэргэдээ амьтны хүрээлэн байгуулан ан амьтан, жигүүртэн шувууд, нутгийн шилмэл үүлдрийн мал зэргийг маллан тэжээж иргэдэд үзүүлэн сонирхуулдаг байжээ. 2010 онд байнгын үзүүллэгийн танхимаа шинээр дэглэж, сан хөмрөгтөө 4200 гаруй үзмэр, эд өлгийн зүйлтэй, үзүүллэгийн 3 танхимтай, 12 орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ.


Холбоотой мэдээ